Танилцуулга
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь МХЕГ-ын даргын “Аймгийн МХГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2015.04.24-ний өдрийн 208 дугаар тушаалын дагуу 4 хэлтэс, лаборатори гэсэн нэгжтэйгээр нийт 54 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Газрын дарга, хэлтсийн дарга 3, ахлах мэргэжилтэн 1, улсын байцаагч 39, төрийн үйлчилгээний 13 ажилтан хамрагдана.
Хэлтсийн зохион байгуулалт:
- Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс
- Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс
- Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс
- Экспорт, импорт, хилийн хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс
- Лаборатори
Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс:
Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтэс нь: Байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй, шударга, шуурхай, ил тод байдлыг дээшлүүлэн, хэрэглэгч, бизнес эрхлэгчдийг аюул, эрдсэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд улсын байцаагч нарыг аргазүйн удирдлагаар хангаж, хуулийн хэрэгжилт, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтийг мэдээллээр хангах, байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж сургаж хөгжүүлэх, үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулан, хэрэгжүүлж ажиллаж байна.
Байгаль орчин, дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын хэлтэс:
Байгаль орчин, геологи уул уурхай, газрын харилцаа, геодези зураг зүй, хот байгуулалт, барилга, инженерийн байгууламж, эрчим хүч, мэдээлэл холбоо, автозам, автотээвэр, өргөх механизм, хэмжил зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг сахиулах, сурталчлан таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналт шалгалтын үйл ажиллагаагаа хандуулан, аж ахуй нэгж, байгууллага иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх замаар хүн амыг эрүүл аюулгүй орчинд таатай амьдарч, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхэд гол зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс:
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эмнэлэг, сургууль, хүүхдийн байгууллагын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах, хүн малын халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх замаар орчны аюулгүй байдал, хүн амыг хүнс ахуйн хэрэглээний чанартай бүтээгдэхүүнээр хангуулах, халдварт өвчин, хордлогоос сэргийлэх, түүнтэй тэмцэх, бүх шатны боловсролын чанарыг сайжруулах, соёлын үнэт зүйлийг хамгаалах, баяжуулах, хүн, мал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ эм биобэлдмэлийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийж, Монгол Улсын холбогдох хуулиуд, салбарын яамдаас гаргасан шийдвэр, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хангуулах зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Экспорт, импорт, хилийн хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс:
Олон Улсын гэрээ, хэлэлцээр Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хүний олон улсын хөл хориот өвчин, мал амьтны олон улсын “А” жагсаалтын болон халдварт өвчин, ургамлын хорио цээрийн өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх бараа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах үндсэн зорилттой ажиллан, Хилийн мэргэжлийн хяналтын үндсэн зорилго, зорилтыг хангахад эрүүл ахуй, халдвар судлал, ургамал хорио цээр, мал эмнэлэг, стандарт чанарын чиглэлээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
Лаборатори:
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд улсын байцаагч нарын хяналтаар илрүүлсэн зөрчлийг баталгаажуулах, аж нэгж, иргэний хүсэлтээр ирсэн дээжинд байгаль, нийгэм, орчноос хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг тодорхойлох зориулалттай Хими, хор судлалын, Эрүүл ахуй нян судлалын, Ургамлын эрүүл ахуйн, хорио цээрийн гэсэн 3 чиглэлийн лабораторийг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна.