Танилцуулга

Анх 1922 оны 4 дүгээр сард Ардын Засгийн газраас өөрийн дэргэдээ Хянан байцаагч хэлтэс байгуулах нь зүйтэй гэж үзэж түүний дүрмийг боловсруулах тусгай комиссыг тухай үеийн ардын Засгийн газрын орлогч сайд Б.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж 19222 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ардын Засгийн газрын 26 дугаар хуралдаанаар уг дүрмийг баталснаар Төрийн хяналтын анхны байгууллага болох Хянан байцаах хэлтэс байгуулагджээ.

Мэргэжлийн хяналтын ууган байгууллага нь 1930 Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Санхүүгийн хянан байцаах газар бөгөөд үүсэл хөгжлийн хувьд хоёрдогч томоохон хяналт нь 1933 онд Бактери  судлалын төв нэртэйгээр байгуулагдсан эрүүл ахуйн мэргэжлийн хяналт юм.

Засгийн газрын тогтоолоор 1996 онд аймаг, нийслэлийн  Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба байгуулсан нь өнөөгийн энэхүү өвөрмөц тогтолцооны үндэс суурь болсон гэж үздэг.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 58 дугаар тогтоол, Засгийн газрын мөн оны “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” 162 дугаар тогтоолоор олон яам, газарт харьяалагдаж янз бүрийн бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байсан хяналтын алба, нэгжийг нэгтгэн Улсын Мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын харьяанд байгуулснаар мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэн юм. Улмаар 2007 оны 12 дугаар сараас эхлэн Улсын Мэргэжлийн хяналтын газар нь Монгол Улсын Шадар сайдын харьяанд ажиллах болсон.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нэгдсэн тогтолцоонд шилжиж Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын “Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орон тооны жишиг батлах тухай” 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 56 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын хэлтэс, түүний дотор Үйлдвэр үйлчилгээ, Байгаль орчны тасагтай байхаар зохион байгуулагдаж 3 тасаг 30 гаруй албан хаагчтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2006 оноос аймгийн Хилийн Мэргэжлийн хяналтын албыг нэгтгэн зохион байгуулснаар хэлтсийн зохион байгуулалтад орж 4 хэлтэстэй, 40-өөд ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байсан. Мэргэжлийн хяналтын газар байгуулагдсан ба үе үеийн удирдлагуудыг нэрлэвэл 2003-2005 он хүртэл У.Хуанган, 2005-2006 онд Б.Лаззатхан, 2006-2014 он хүртэл Х.Мерейхан, 2014-2015 онд Акилбай, 2015-2021 онд Б.Мухамед, 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс хойш Х.Бауыржан дарга удирдаж байна.

Одоо аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны А/05 тоот тушаалын дагуу Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтэстэй, Нэгдсэн лабораторитой нийт 60 албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН НЭГ ӨДӨР

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2023 Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.