Н.Энхтуяа: Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо

2022-06-27 464

Нийслэлийн Прокурорын газраас хуулиар харьяалуулсан байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын 2021, 2022 оны I улирлын байдлаар шалгаж, шийтгэл оноосон, зонхилон гарч буй зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судалжээ. Тэдгээр зөрчил дунд Барилгын тухай хууль зөрчсөн зөрчил их байгаа аж. Энэ талаар НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяагаас тодрууллаа.

-Танайхаас хийсэн судалгаагаар Барилгын тухай хууль зөрчсөн зөрчил их байгаа гэж дүгнэжээ. Судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч.

-Эрх бүхий албан тушаалтнуудаас 2021 он, 2022 оны I улирлын байдлаар шалгаж, шийтгэл оноож шийдвэрлэсэн зөрчлөөс зонхилон үйлдэгдсэнийх нь шалтгаан нөхцөлийг НПГ-аас судаллаа. Судалгааг тухайн төрлийн зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг  зохион байгуулах чиглэлээр авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор хийсэн юм. 2021 онд 32 байгууллагаас 2318 зөрчилд хялбаршуулсан журмаар, 472 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгалт хийсэн бол 2022 оны I улирлын байдлаар 634 зөрчилд хялбаршуулсан журмаар, 88 зөрчилд хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогчдод нь шийтгэл оноожээ.

Эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оноож шийдвэрлэсэн энэ төрлийн хэрэг дотроос Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах”, 11.21 дүгээр зүйлийн “Гаалийн тухай хууль зөрчих”, 12.1 дүгээр зүйл дэх “Барилгын тухай хууль зөрчих”, 14.6 дугаар зүйлд заасан “Автотээврийн тухай хууль зөрчих”, 8.1 дүгээр зүйлийн “Газрын тухай хууль зөрчих” зөрчил бусдаасаа их гарсан байна. Эдгээрийн тоон үзүүлэлтийг эш татвал 15.2 дугаар зүйл дэх “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил 380 буюу 10.8, 11.21 дүгээр зүйлийн “Гаалийн тухай хууль зөрчих” зөрчил 349 буюу 9.9, 12.1 дүгээр зүйлийн “Барилгын тухай хууль зөрчих” зөрчил 129 буюу 3.6, 14.6 дугаар зүйлийн “Автотээврийн тухай хууль зөрчих” зөрчил 361 буюу 10.2 хувь, 8.1 дүгээр зүйл “Газрын тухай хууль зөрчих” зөрчил 150 буюу 4.2 хувийг эзэлжээ.

-Барилгын тухай хууль зөрчсөн ямар зөрчил дийлэнхийг нь эзэлж байна вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн “Барилгын тухай хууль зөрчих” зөрчлийг зүйлчлэлээр нь судалж үзэхэд барилгын үйл ажиллагаанд заавал, эсхүл сонгож мөрдөх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг дагаж мөрдөөгүй, гэрчилгээ олгогдоогүй, эсхүл дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхэлсэн, барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэвлэсэн, захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчилсөн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн, өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн, хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй,

барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар (эскиз) зураг, барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн, барилга байгууламжид тавих шаардлага хангаагүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, барилга байгууламжийн ашиглагч, эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил олноор бүртгэгдсэн байна. Эдгээр зөрчлийн хувьд нийгмийн хэв журам, иргэдийн амь, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчин, ёс суртахуунд хор хохирол учирч болох эрсдэл өндөр байдаг. Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэйг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэхдээ Үндсэн хуулийн 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор  үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа ажиллагаа нь нийгмийн аюулгүй байдал, хэв журам, ёс суртахуун, хүн амын эрүүл мэндэд хор хохирол учруулахаар бол түүний  аюулгүй байдлыг хангах зорилгоор төрөөс зарим үйлдвэрлэл, үйлчилгээг хориглох, хязгаарлах зохицуулалтыг хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр хуульчилсан. Дээрх зүйл ангиар шийтгэл оноосон зөрчлийн дийлэнх нь аж ахуйн нэгж, байгууллага барилгын үйл ажиллагааг дур мэдэн, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй явуулсан, барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо.

Барилгын тухай хууль зөрчсөн зөрчлүүд үйлдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа зөрчлийг илрүүлдэг, иргэд гомдол, мэдээлэл гаргаснаар зөрчлийг таслан зогсоох ажиллагаа явагддаг. Тодруулбал, зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах гэх мэтээр зөрчлийн үр дагаврыг арилгахад хүндрэл учруулдаг. Нөгөө талаас иргэд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдэг шалтгаанаар хууль бус үйлдлээ үргэлжлүүлж хууль зөрчдөг, хуульд захирагдахгүй дур мэдэн аашилдаг зэргээс шалтгаалж газрын хөрс, ус бохирдох гэмтэх, иргэдийн амь, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд хор хохирол учирч болох эрсдэл бий болж байна гэж үзсэн. Тиймээс хариуцсан чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, иргэдэд хуулийг сахин биелүүлэх дадал бий болгоход чиглэсэн  арга хэмжээг авч хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээг авч ажиллах талаар НМХГ-ын дарга Б.Батшагайд прокурорын байгууллагаас энэ сарын 23-нд албан бичиг хүргүүлсэн.

-Зарим барилгын үйл ажиллагааг зогсоох тогтоол прокурор баталсан байсан. Ямар үндэслэлээр ийм тогтоол баталсан юм бол?

-Хүний амь, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн “Барилгын тухай хууль зөрчих” зөрчил үйлдэгдсэн барилгуудын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр зогсоох арга хэмжээ авсан. Тодруулбал, 2021 онд 11 , 2022 оны эхний зургаан сарын байдлаар дөрвөн барилгын үйл ажиллагааг захиалагч, гүйцэтгэгч чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн зөрчилд ийм арга хэмжээ аваад байна. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд 0010080 дугаартай, “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт дөрвөн давхар амины орон сууц барих” барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг  хот байгуулалтын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, журам, стандартыг зөрчиж олгосон байсан. Тиймээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн АТГ-т шалгуулахаар шилжүүллээ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин №126(7428)  Г.Цолмон

Холбоотой мэдээ

Н.Энхтуяа: Барилгын захиалагч, гүйцэтгэгч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйг судалгаагаар тогтоолоо

Нийслэлийн Прокурорын газраас хуулиар харьяалуулсан байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын 2021,

2022-06-27

SOS: Амьд явах баталгаагүй ажилчин ангийнхан

эх сурвалж: https://news.mn/r/2567975/ Нийслэлд баригдаж буй зайгүй, өндөр орон сууцны хорооллууд

2022-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдл

2022-06-08

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.