Байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай /Зөвлөмж/

2022-05-18 542

ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮР АШИГЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД

PDF хувилбараар үзэх

Цацрагийн үүсгүүр, рентген аппарат, тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5, Цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 3.3.5 /2/, Засгийн газрын 311-р тогтоолоор батлагдсан ААНБҮАДХШЗБ Нийтлэг журмын 3.6 дахь заалтуудын дагуу дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэгтэй.

 

Рентген аппарат ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөгдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргана гэсний дагуу Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн  дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна. Үүнд:

1.Цацрагийн үүсгүүр, рентген аппарат, тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлнэ;

2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1-ээс доошгүй сарын өмнө түүний хугацааг сунгуулах тухай өргөгдлийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргана гэсний дагуу Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах;

3.Байгууллагын даргын тушаалаар томилогдсон цацрагийн хяналтын ажилтан /цацрагийн аюулгүйн алба/ байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаад дотоодын хяналтыг тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна дараах үүргийг хүлээнэ:

– Цацрагийн дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд байгууллагын удирдлагын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу дотоод хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй;

– Цацрагийн дотоод хяналтын ажилтан нь байгууллагынхаа удирдлагыг цацрагтай холбоотой хууль дүрэм журам болон мэдээ, мэдээллийг танилцуулж, мөрдөж буй байдлыг хянах, цацрагтай ажиллагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дотоод сургалтаар хангана;

– Цацрагийн түвшин, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг төрийн захиргааны байгууллагын шаардсанаар тухай бүр гаргаж өгнө;

– Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тооллогын дүн, дотоод хяналтын тайлан мэдээг гаргаж жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

– Цацрагтай ажиллагчдын дозиметрийг сар бүр хэмжүүлэх ажлыг зохион байгуулж, тунгийн үр дүнг тусгай дэвтэрт тэмдэглэн, цацрагтай ажиллагчдад танилцуулж гарын үсэг зуруулна;

– Чанарын баталгаажилттай дозиметрийн багажаар рентген аппарат багаж, тоног төхөөрөмжийн эргэн тойронд болон рентген кабинетийн хана, хаалга, удирдлагын өрөө, ажлын байранд цацрагийн хэмжилтийг хийж, хэмжилтийн дүнг дэвтэрт тэмдэглэнэ.;

– Цацрагтай ажиллагчдад цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг танилцуулан, мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг тогтмол шалгаж, зөрчлийг арилгуулах;

– Байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд дотоод хяналт тавих;

– Рентген аппарат багаж, тоног төхөөрөмжтэй холбоотой хэвийн үйл ажиллагаа алдагдсан, ослын нөхцөл байдал үүссэн тохиолдолд удирдлага болон холбогдох байгууллагад шуурхай мэдэгдэнэ;

– Цацрагийн болзошгүй ослын үед байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангуулан хяналт тавина;

– Байгууллагынхаа цацрагтай холбоотой үйл ажиллагаа болон цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаар үзүүлэн самбар хийх, шинэ санаа, санаачлагыг нэвтрүүлж, цацрагийн соёлыг хэвшүүлнэ;

– Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, дотоод хяналтын тайлан мэдээг гаргах, холбогдох баримт бичгийг боловсруулна;

– Цацрагийн үүсгүүр ашиглах эрхийн тусгай зөвшөөрөл авах, сунгуулах үйл ажиллагааг хариуцан ажиллах;

– Цацрагтай ажиллагчийн хөдөлмөр хамгаалалтанд хяналт тавьж ажиллана. Цацрагийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө;

– Цацрагтай ажиллагчдад техникийн аюулгүйн дүрмийн зааварчилгаа өгч баталгаажуулах;

– Цацрагийн аюулгүй байдал хангаагүй цацрагийн үүсгүүр, рентген аппарат, тоног төхөөрөмж, кабинетийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, зөрчлийг арилгуулах;

– Цацрагийн аюулгүй ажиллагааг зөрчсөн ажилтанд холбогдох захиргааны арга хэмжээ авах санал оруулах;

Цацрагийн аюулгүй байдлын шаардлага зөрчсөн, цацрагийн үүсгүүр хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулаагүй, цацрагийн үүсгүүрийг зохих журмын дагуу сунгуулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар бүлгийн 12.11 дүгээр зүйлийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдье.

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулагч, худалдан авагчдад зөвлөж байна

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД: -Ө

2022-09-02

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аюулгүй хүнсээр, тогт

2022-08-31

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.