Дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан улсын (ахлах) байцаагчдад Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд ISO Олон Улсын Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартыг нэвтрүүлсэний ач холбогдол, хяналтын хуудсаар хяналт шалгалт хийх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой гарч буй зөрчил дутагдал, үүсч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар улсын (ахлах) байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүй удирдлагаар хангах зорилгоор “Траст трейд” ХХК-ийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрт 2022.06.29-ны өдөр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг дэд дарга Б.Алтантуяа нээж, тус аж ахуйн нэгжийн захирал Р.Сансармаа үйлдвэрийн талаар танилцуулга хийж байцаагчид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран хүнсний түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхээр заасан байдаг.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт Олон Улсын Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000 баталгаажуулалтын стандартыг нэвтрүүлсэнээр ажилчдын хүнсний аюулгүй байдлын мэдлэг мэдээлэл сайжирч, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эрсдэлтэй цэгийг тодорхойлох зэрэг давуу талтайгаас гадна үйлдвэрлэлийн дотооддоо тавих хяналт нь илүү сайжрах боломж бүрддэг.
Сургалтын явцад хяналтын хуудсаар хийсэн эрсдлийн үнэлгээний талаар тус үйлдвэрийн технологич, мастеруудтай харилцан ярилцаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж хяналт шалгалтын явцад хүнсний аюулгүй байдалтай холбоотой гарч буй зөрчил дутагдал, үүсч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар улсын байцаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.