ЗОЧИД БУУДАЛ, ДЭН БУУДАЛД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

July 10, 2020 59

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийт 111 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр нийтэд зарлагдсан.        Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/157 тоот удирдамжийн хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд  45  зочид буудал, 26 дэн буудал нийт 71 обкектод буюу 63.9%-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн.

Дэлхийн нийтэд цар тахал хэлбэрээр хурдацтай тархаж буй Шинэ корона вирусын халдварын улмаас улс хоорондын хил хаагдаж, гаднаас ирэх зочид төлөөлөгчид, дотоодын үйлчлүүлэгчдийн тоо цөөрснөөр 15 газар үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоож, 21 газар үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоон, засвар үйлчилгээний ажил хийж байсан, 3 газарт Шинэ корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиглалт, тусгаарлалтын байраар ашиглагдаж байсан, 1 газар үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн байсан шалтгааны улмаас нийт 40 газар буюу 36.9% нь төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаагүй.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад:

  1. Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан нийт 71 объектын үйл ажиллагаандаа “Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”, “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага” MNS4588:2008, “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартууд бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг МХЕГ-ын 3.29.1 кодтой “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг шалгах” хяналтын хуудсын 7 бүлэг, 51 асуудлын хүрээнд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалтыг хийж, эрсдэлийн үнэлгээ хийсэн.
  2. Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан газруудаас түүвэрлэн нийт 31 объектын зөөлөн эдлэл бусад эд зүйлсийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгаж, нянгийн бохирдол байгаа эсэхийг тогтоох зорилгоор 193 арчдас, 30 газрын барилгын төвлөрсөн шугамын усны чанар аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор усны дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хими, нян судлалын шинжилгээ хийлгэсэн.
  3. Шинэ корона вирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах талаарх Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан “Мэдэгдэл”-ийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлууд:

  • Үйлчилгээний ажиллагсад:

6.1.1 Үйлчилгээний ажилчид нь зочид буудлын чиглэлийн мэргэжлийн ажилтангүй, зохих сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын онцлогт тохирсон, өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэггүй, ажлын дүрэмт хувцас өмсөж хэвшээгүй;

6.1.2 Үйлчилгээний ажилчид өөрийн харъяа дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн лабораторид хандан эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй;

  • . Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр:

6.2.1 Зочин хүлээн авах өрөөний цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, агаарын солилцоо, их цэвэрлэгээг тогтмол  хийдэггүйгээс архи, тамхины эвгүй үнэр нэвчсэн;

6.2.2 Зөөлөн эдлэл, цагаан хэрэглэлийг угааж цэвэрлэхийн өмнө халдваргүйжүүлэлт хийдэггүй;

  • Барилга байгууламж:

6.3.1 Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүй баригдсан буюу зориулалтын бус барилга байгууламжтай буюу цагаан хэрэглэлийн угаалгын газрууд нь байгалийн гэрэлтүүлэггүй, механик  агааржуулалтын системгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй,  технологи урсгал зөрчигдөж төлөвлөгдсөн. Зочин хүлээн авах өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага байна;

6.4 Үйлчилгээний чанар:

6.4.1 Тохижилт болон урсгал засварыг тухай бүр хийдэггүйгээс  зочин хүлээн авах өрөөнүүдийн обой урагдсан, хана, таазны шохой хуурсан, зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжээ алдсан, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн.

6.4.2 Үйлчилгээнд хэрэглэгдэж буй 1 удаагийн гоо сайхан, ариун цэврийн бараа бүтээгдэхүүн, угаалга, ариутгал, халдваргүйтгэлийн бодис бэлдмэлийн гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдлын тухай хяналтын байгууллагын дүгнэлтгүй зөрчлүүд илэрсэн байна.

6.5 Лабораторийн шинжилгээ:

6.5.1 Зочин хүлээн авах өрөөний зочдын үйлчилгээнд хэрэглэгдэх халад, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл, улавч түүнчлэн зөөлөн эдлэл, цагаан хэрэглэлийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн чанарыг шалгаж, нянгийн бохирдол байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор 36 объектоос 193 арчдасны шинжилгээ авахад 31 арчдас буюу 31.6% нь бохирдолтой гарсан. /Staphylococcus spp, E.Coli /

Авсан арга хэмжээ:

1.Төлөвлөгөөт хяналт шалгалтаар нийт 189 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 50 аж ахуйн нэгжид 157 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 50 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн.

  1. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтын дагуу 33 аж ахуйн нэгжид нийт 11.850.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, хугацаатай албан даалгавар хүргүүлж, торгуулийг бүрэн барагдуулан ажилласан.
  2. Шалгалтын явцад түүвэрлэсэн байдлаар лабораторийн шинжилгээнд хамрагдсан 14 зочид буудал, 16 дэн буудлын газруудын барилгын төвлөрсөн шугамын усны чанар аюулгүй байдалд хийсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тухайн өдрийн шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн түвшинд “Хүрээлэн буй орчин. Эрүүлийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүйн байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартын шаардлагад нийцсэн тухай улсын /ахлах/ байцаагчийн 30 дүгнэлт гарган, аж ахуйн нэгжид хүргүүлсэн.
  3. Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан 45 зочид буудал, 26 дэн буудал нийт 71 объектыг холбогдох хяналтын хуудсаар үнэлсэн эрсдлийн үнэлгээний дүнг цахим мэдээллийн санд бүртгэн оруулсан.
  4. Нийслэлийн аялал жуулчлалын газарт “Зочид буудал, дэн буудлуудад олгогдож буй зөвшөөрлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт сар тутамд ирүүлж байх тухай” албан бичиг хүргүүлсэн.
  5. Дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт “Зочид буудал, дэн буудлуудын газарт үйлдвэр үйлчилгээ явуулах батламж олгосон талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт сар тутамд ирүүлж байх” тухай албан бичиг хүргүүлсэн.

Дүгнэлт:

  1. Шалгалтад хамрагдсан 71 объектын 9 газар их эрсдэлтэй, 53 газар нь дунд эрсдэлтэй, 9 газар  бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Эрсдлийн үнэлгээг 2019 онтой харьцуулан үзэхэд бага эрсдэл 8.3% багассан, Дунд эрсдэлтэй газар 9.5%-иар нэмэгдсэн, Их эрсдэлтэй газар 1.3%-иар багассан байна. Үүнтэй уялдан холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт дээшилж, эрүүл ахуйн нөхцөл сайжирсан. Өөрөөр хэлбэл 2019 онд хуулийн хэрэгжилт 68.5% байсан бол 2020 онд хуулийн хэрэгжилт  8% тай болсон байна.
  2. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд нь нэг талаас аж ахуйн нэгжийн үйлчилгээний газрын удирдлага болон ажиллагсад нь мэргэжлийн бус, зочид буудал, дэн буудлын газрын эрүүл ахуй, стандартын талаарх зохих мэдлэггүй, мэргэжлийн ажилтантай боловч мэдлэг чадвар дутуугаас зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа эхлүүлдэг, стандартын дагуу тохижилт хийдэггүй, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйлчилгээний соёл хангалтгүй байгаагаас үйлчилгээний ажилчид суурьшилтай ажилладаггүй, зохих сургалтад хамрагдсан болон мэргэжлийн ажилтангууд ажлын байрны нөхцөл, цалингийн хөлсөө дээшлүүлэхээр өөр газар руу шилждэг зэргээс үйл ажиллагаа нь сайжирч тогтворждоггүй, нөгөө талаас төр захиргаанаас олгогдож буй дүүргүүдийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс олгогдож буй “Үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ”, Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, стандартын шаардлага бүрэн хангаагүй газарт зөвшөөрлийг олгож байгаатай холбоотой.

Арван нэг. Цаашид авах арга хэмжээний санал:

Нийслэлийн аялал жуулчлалын газарт:

  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлын газруудад атестачилал хийж, “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага” MNS4588:2008, “Дэн буудлын үйлчилгээний ерөнхий шаардлага” MNS 5738:2007 стандартуудын шаардлага хангахгүй газруудын Зөвшөөрлийг бүрмөсөн цуцлах.
  2. Зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам” –ын 4.1 дэх хэсэгт заасны дагуу зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа нь холбогдох стандартын шаардлагыг 90%-иас дээш хангасан нөхцөлд олгох.

Стандарт хэмжил зүйн газарт:

Цаг үеийн шаардлагатай нийцүүлэн “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага” MNS4588:2008, “Дэн буудлын үйлчилгээний ерөнхий шаардлага” MNS5738:2007 стандартуудыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ТӨРЛИЙН УРГАМАЛ НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСАНД ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

2020 оны 08 дугаар сарын 09 өдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор Chevrolet Cruze 1106БУА улсын д

August 10, 2020

ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗУУДАД ХИЙЛЭЭ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй амралтын газар, жуулчны баазын үйл ажиллаг

August 10, 2020

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТѲЛѲВЛѲГѲѲТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

НМХГ-ын даргын баталсан 02-01/109 тоот “Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт

August 10, 2020

© 2020 НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.