
“Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус” ХК-ий МЭГ-ын 29 ажилтан 4 техник хэрэгсэлтэйгээр Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ-ийг “Уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон байнгын ажиллагаанд оруулж, орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Энэхүү пункт нь зориулалтын бодистой, 200 хэмийн халуун уураар 5 минутын турш битүүмжилсэн орчинд тээврийн хэрэгслийг утах бөгөөд тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэг хор нөлөөгүй юм. Ингэснээр ачаа тээврээр орж ирж болзошгүй нян бактерыг устгаж байна.
Энэхүү аргыг анх гахайн мялзан өвчний халдварыг тархахаас урьдчилан сэргийлж Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос санаачилж хийж байсан бөгөөд бусад аймгуудыг энэхүү аргачлалыг нэвтрүүлэхийг уриалж байлаа. Сэлэнгэ аймаг МУ-руу короновирусын халдварыг нэвтрүүлэхгүй байх бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа болохоор ард иргэд маань тайван байж бидний ажлыг дэмжихийг хүсч байгаагаа Аймгийн Онцгой комиссынхон илэрхийлж байна