
Жил бүрийн 4 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулж ирсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг энэ жил “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор зохион байгуулж буй юм.
Энэхүү аяныг Говьсүмбэр аймагт эхлүүлж, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн орлогч дарга бөгөөд ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга Б.Анхбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Х.Буянбаяр нар нээж үг хэлэв.
Нээлтэд 30 орчим ААНБ, оюутан залуусын төлөөлөл 100 гаруй хүн оролцож, 10 ААНБ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, багаж тоног төхөөрөмж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хууль тогтоомж сурталчлах чиглэлээр үзүүлэн дэлгэж, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаарх үзүүлэх сургалт, үйлдвэрлэлийн ослын талаарх мэдээлэл хийж, оролцогчдын дунд асуулт хариултын АХА тэмцээн тус тус зохион байгуулагдлаа.
Тус аяныг 05 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулах ба аяны хүрээнд ХАБЭА хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалт, сайн туршлагыг сурталчлах арга хэмжээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, дүрэм , журам, стандартын талаарх мэдээлэл, сурталчилгааны ажлууд, хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт зэрэг ажлууд хийгдэх юм.