
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ОЖС ХХК, Хос карбон ХХК, Политехник коллеж болон Баянтал сумын ЗДТГ-ын нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай” хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгаж, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор төлөвлөгөөт шалгалт хийв.
Шалгалтыг Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Отгонсүрэн гүйцэтгэж, нэгжийн дарга, захирал, нягтлан бодогч, холбогдох ажилтнуудыг байлцуулав.
Шалгалтын явцад ололттой сайн талууд байсан хэдий ч гэрээт ажилтнуудад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн тооцоогүй, ээлжийн амралтын олговрыг давхардуулан тайлагнасан, улирлын шинжтэй үйл ажиллагааны улмаас сул зогсолттой байгаа болон Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс /420.0 мян.төг/ ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож төлөөгүй, орхигдуулсан нийтлэг дутагдлууд илэрч, дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч нийт 12 заалттай 4 албан шаардлага, 248.2 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх акт 3-ыг, 2047.3 мянган төгрөгийн залруулга хийх акт 1-ийг тус тус үйлдэн хүргүүлсэн. Биелэлт 80 хувьтай байна.
Шалгалтын дүнг шалгуулагч ААНэгж, байгууллагын удирдлагуудад танилцуулж, Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.