Сайншанд суманд авто замын гурван хяналтын цэг ажиллаж байна

March 3, 2020 27

Улсын онцгой комиссоос хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 6:00 цагт нээсэн. Үүнтэй холбоотойгоор Сайншанд суманд хот хооронд болон орон нутгийн авто замд 3 хяналтын цэг ажиллаж байна. Тодруулбал: Сайншанд-УБ-Замын-Үүд чиглэлийн Цагдаагийн посттой гурван замын уулзвар, Замын-Үүд-Сайншанд чиглэлийн Шунхлайн гурван замын уулзвар, Зүүнбаянгийн гарам зэрэгт Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн хяналтын төв, Замын цагдаагийн тасгаас хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Сайншанд-УБ-Замын-Үүд чиглэлийн Цагдаагийн посттой гурван замын уулзвар дахь хяналтын цэгт Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн хяналтын төв, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Хөдөлгөөнт эмнэлгийн тусламжийн баг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр өглөөний 06.00 цагт ажиллаж эхэлсэн байна. 10цаг 30 минутын байдлаар замын хөдөлгөөн нээгдсэнээс хойш 100 гаруй авто машин 400 гаруй зорчигч уг хяналтын цэгээр дайран өнгөрчээ.

Орон нутгийн хяналтын цэгүүдээр дайран өнгөрч буй зорчигдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор зорчигчийн асуумжийн хуудсыг бөглүүлж байгаа юм. Энэхүү асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэх аж. Сүүлийн өдрүүдэд цас их хэмжээгээр орсонтой холбоотойгоор Авто тээврийн хяналтын төв, Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хөдөлгөөнд оролцож буй авто машины аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Замын-Үүд, Айраг сумаас гарах хяналтын цэгүүдэд зорчигч нэг бүрийн халууныг үзэж байгаа юм байна. Дашрамд дурдахад Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу 03 сарын 03, 04-ний өдрүүдэд босоо тэнхлэгийн автозам дагуу 50 км тутамд нэг хөдөлгөөнт эмнэлгийн тусламжийн машиныг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 6 цэгт байрлуулан ажиллуулж буй аж.

Холбоотой мэдээ

Сайншанд суманд авто замын гурван хяналтын цэг ажиллаж байна

Улсын онцгой комиссоос хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт

March 3, 2020

© 2020 Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.