
Өнөөдөр /2022.04.15/ Аймгийн хэмжээнд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт-2022” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулж аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Хонгор, Шарын гол сумдын Засаг дарга, ЗДТГ-ын ХБТХОХэлтсийн дарга болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хараа, ерөө голын сав газрын захиргаа зэрэг төрийн байгууллагуудын дарга нар холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар оролцлоо.

Зөвлөгөөнд Дархан-Уул аймагт уул уурхай, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНэгжүүд, бичил уурхай болон төрийн бус байгууллагуудын нийт 34 төлөөллүүдэд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должин 2021 онд хийсэн хяналт шалгалт, түгээмэл илэрсэн зөрчил, тэдгээрийг арилгах арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа. Төрийн байгууллагуудын зүгээс Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг өгсөн бол ААНэгжийн төлөөллүүд тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох асуулт, саналуудыг гарган тайлбар мэдээллийг авч нээлттэй ярилцлаа.