
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын албаны штаб өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 33 албан хаагч 8 хэсэгт хуваагдаж, 8 тээврийн хэрэгслийг хүч дайчлан хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэр, худалдаа, эрүүл мэнд, ус хангамж, үсчин, банк санхүү, дэд бүтцийн нийт 23 чиглэлийн 914 байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хамруулан шалгалт хийхэд нийт 898 зөрчил илрүүлсний 365-г газар дээр нь арилгуулж, 533 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Шалгалтаар хугацаа хэтэрсэн 13 нэр төрлийн 86 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 2 нэр төрлийн 9 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэлээ.
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй байгууллагын ажилчид бүгд амны хаалт зүүсэн, 88,8% нь гар угаах нөхцөл, гар халдваргүйжүүлэгч бодисоор хангагдсан, 84% нь үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжсэн, 82,6% нь хүн хоорондын зай барих тэмдэглэгээ байршуулсан, 89% нь цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийсэн, зориулалтын халдваргүйтгэлийн бодисын нөөцтэй байна.