Төрийн зарим хяналт шалгалтыг зогсоох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-04-21 1077

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байх, иргэн, хуулийн этгээд дотоод хяналт шалгалтаа зохион байгуулж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаар нийт зарчмын зөрүүтэй 6 санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулаагүйгээс болоод хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учирвал үүний хариуцлагаас хяналт шалгалтын байгууллага мултарч үлдэх учиргүй гэж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг онцолсон.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, иргэдэд чаддаг зүйлээ хийж, үйлдвэрлэлээ явуулж, жижиг, дунд бизнесээ эрхлэх боломжийг олгон, төрөөс хяналт шалгалтаар дарамтлахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, төрөөс гагцхүү стандартыг гарган мөрдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэлээ. Тэрбээр энэ бизнес цаашид амжилттай байх эсэхийг зах зээлийн өрсөлдөөн тодорхойлно хэмээсэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтгүйгээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжгүй гэлээ. Тэрбээр, манай зах зээл дээр байгаа эмийн үйлчилгээ бусад оронд хэрэглэж буй эмээс 4-5 дахин бага, хугацаа нь хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй байхад төлөвлөгөөт хяналтыг зогсоовол хяналтыг хэрхэн тавих вэ хэмээн тодруулсан.

Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, эм, эрүүл мэндийн салбар өндөр эрсдэлтэй. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байхаар хуулийн төсөлд тусгахаар санал боловсруулсан гээд энэ салбарт эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт хяналт шалгалтын аль аль нь хийгдэнэ гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүд аж ахуйн нэгж, иргэдийг хяналт шалгалт нэрээр далайлгадаг тогтолцоог өөрчлөх, хяналтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, хууль хоорондын болоод хяналт шалгалтын давхардал, зөрчлийг арилгах, аж ахуйн нэгжүүд дотоод хяналтаа сайжруулах, эрсдэлээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, байгаль орчин, технологийн хяналттай холбоотой асуудлыг хөндөн асуулт асууж, хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, ямар хяналтыг үргэлжлүүлж, ямар хяналтыг зогсоох асуудлыг дахин ярилцаж байр сууриа нэгтгэх шаардлага байгаа учир тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулан хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/uh4yn

Холбоотой мэдээ

Дэд бүтцийн хяналтын 150 улсын байцаагчийг сургалтад хамруулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Дотоод хэргийн их сургуультай хамтран “Дэд бүтцийн хяналтын улсын

2022-10-28

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

“Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл зарим сайт, олон нийтийн сүлжээгээ

2022-10-19

Сургуулийн орчинд хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан 215 зөрчлийг арилгууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар,

2022-09-26

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.