Ресторан, кафе, хоолны газар, кофе шоп зэрэг газрын танхимын үйлчилгээг долоо хоногийн хугацаатай хориглов

2021-06-16 6886

Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар боллоо. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.

Захирамжаар мөн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, дүүрэг, хорооны албан хаагч, хэсгийн  ахлагч нарыг татан оролцуулж, батлагдсан дүрэм, журам зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг  нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Түүнчлэн халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Улсын Онцгой комисстой зөвшилцөн иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллана.

Халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний  талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа, түүгээр зорчих иргэдэд тавих хяналтыг сайжруулахыг мөн үүрэг болгов. Батлагдсан тохиолдол болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, тандалт хариу арга хэмжээнд ажиллах автобусыг гарган, зохион байгуулалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт даалгалаа. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас ажиллуулж байгаа тандалтын багийг төвийн зургаан дүүрэгт тус бүр наймаар нэмэгдүүлж, шаардлагатай машин, хүний нөөц, хоол унааны зардлыг шийдвэрлэхийг дээрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Бялууны төрлийн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, нөхцөл /Зөвлөмж/

Зөвлөмж: Бялууны төрлийн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага. MNS0464:2010 стандартад Бялуу

2022-05-20

Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө сунгуулаарай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуу

2022-05-18

Байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай /Зөвлөмж/

ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮР АШИГЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД PDF хувилбараар

2022-05-18

© 2022 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.