Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

2020-11-06 244

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа.

-Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд цианит агуулагдаж байдаг гэж сонсоод, энэ талаар асуумаар санагдлаа. Тухайлбал, ямар бүтээгдэхүүнд байдаг юм бэ?

-Бидний идэх дуртай тоор, хар чавга гэх мэт ястай жимснүүдэд агуулагддаг. Тоор, хар чавганы шүүсэнд цианитын агууламж өндөр гэсэн үг. Энэ бодис нь мөн тамхи татахад, элдэв хог шатаахад, галт уул дэлбэрэхэд гэх мэтээс үүсдэг. Бидний хэрэглээний түвшинд “Наалдан пад” цавуу, барилгын дулаалгын хөөсөнцрүүд, В12 тариа гэх мэтийн найрлагад тодорхой агууламжтай орсон.

-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, алтныхан гээд энэ бодисыг өргөн хэрэглэдэг хэсэг бий. Ийм компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянадаг, шалгадаг тогтолцоо нь хэр хатуу, чанга байдаг юм бэ?

-Мэдээж уул уурхайд алт олборлоход цианит хэрэглэнэ гэдэг бол их хэмжээгээр хэрэглэнэ гэсэн үг. Дэлхийн аль ч улс цианитаас өөр алтны үндсэн ордод ашиглах химийн бодис олоогүй байна. Цианит, мөнгөн ус хоёрыг л түгээмэл хэрэглэж байна. Үүнээс мөнгөн усны хэрэглээг дэлхий нийт хориглосон. Харин цианитыг хэрэглээнээс халахгүй байна. Ингэхдээ маш өндөр хяналт доор, оруулж ирсэн хэмжээ, хил гаалиар орж ирж байгаа он, cap, өдөр гээд бүх зүйл нь бүртгэлтэй, өндөр хяналттай тухайн үйл ажиллагаа явагдах газартаа хүрдэг. Тэгэхээр өндөр шалгуур давсан аж ахуйн нэгжүүд энэ бодисыг ашигладаг гэж ойлгож болно. Эдгээр аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж хүн малын амь нас эрсэдсэн, эрүүл мэндээрээ хохирсон гэх харамсалтай хэрэг гараагүй, бүртгэгдээгүй байна. Мөнгөн усны хяналтгүй, замбараагүй хэрэглээнээс болж хүн мал эндэх, эрүүл мэндийн хувьд хохирсон тохиолдол бол элбэг байсан.

-Хэчнээн компани цианит хэрэглэх зөвшөөрөлтэй вэ. Тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм бол?

-Тээвэрлэлт хийхдээ аль болох ус голгүй, аюулгүй газраар хүргэдэг. Манай улсын хувьд цианит хэрэглэх зөвшөөрөлтэй дөрвөн аж ахуйн нэгж бий. Төв аймагт нэг зөвшөөрөл байгаа бол бусад нь Завхан, Баянхонгор, Сэлэнгэд байна. Эдгээр бүртгэл, зөвшөөрөлтэй компаниуд хэрэглэсэн цианиттай хаягдлаа гол, ус руу хаядаггүй. Бүгд мэргэжлийн багийнхны хянаж шалгасан, шаардлага тавьсан стандартын дагуу бодис ашиглах, устгах дэглэм доор үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бүгд хог хаягдлын сантай. Технологийнхоо дагуу хог хаягдлынхаа сан руу цианитаа саармагжуулж бохирдлоо устгадаг.

-Алт олборлогч компаниуд, уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид бохироо тухайн нутаг дэвсгэртээ хаядаг. Хаягдлаа голд их хэмжээгээр урсгах асуудал одоо ч байсаар. Үүний хамгийн ойрын жишээ нь, Орхон гол боллоо. Мэргэжлийн хүний хувьд үүний хөнөөл, хор уршгийг юу гэж хэлэх вэ?

-Бид хоёр замаар алтаа олборлож байна. Нэг дэх нь үндсэн ордынхоо алтыг боловсруулж гаргаж авч байгаа бол хоёр дахь нь шороон ордоос алт олборлож байна. Шороон ордоос алт олборлож байгаа тохиолдолд ямар ч химийн бодис хэрэглэдэггүй. Үндсэн ордоос алт олборлож байгаа бол цианит хэрэглэдэг. Цианит ашигладаг аж ахуйн нэгжүүдээс бохироо гол руу хийдэг үйлдэл гарах ямар ч боломжгүй. Одоогоос арваад жилийн өмнө гар аргаар алт олборлодог нинжа нар их байсан. Тэр хүмүүс хууль бусаар мөнгөн ус ашигладаг байлаа. Мөнгөн усаар алтаа ялгаад үлдэгдэл шороогоо дахин цианитаар угаадаг байсан үйлдлийг Засгийн газраас нэлээд хатуу арга хэмжээ авсны үр дүнд зогсоож чадсан. Одоогийн байдлаар цианитын хууль бус хэрэглээ монголд байхгүй.

-“Орхон гол улаанаар урсаж эхэллээ” гэсэн харамсалтай мэдээллүүд дахин иргэдийг айдаст автуулж байна. Цианит, мөнгөн усны агууламжтай хаягдлаа хаяж байгаа дүр зураг мөн үү?

-Тухайн үед Хонгороос гадна, Сэлэнгэ, Төв аймаг, Баянхонгор гээд манай улсын 130 цэгт мөнгөн ус, цианитаар бохирдсон бохирдол үүссэн. Одоо гэтэл энэ төрлийн бодисын хэрэглээ хумигдсан. Олны анхааралд өртөөд байгаа Орхон голын бохирдлын тухайд онцлоход, шороон ордны хүдрийг усаар угааж байгаа юм.
Ингэхээр их хэмжээний булингар гол руу орж байгаа гэсэн үг. Түүнээс химийн бохирдол биш. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүд шороо угаасан усаа шууд голд нийлүүлэх биш усаа тунгалагжуулаад гол руу хийх ёстой.

-Хавдар үүсгэгч бодис мөн үү?

-Ямар ч бодисын химийн найрлага хэмжээнээсээ хамаараад хүн, малын эрүүл мэнд, амь насанд нөлөөлөх нөлөөлөл өөр. Тухайлбал, цианит, мөнгөн ус хоёр хорт хавдар үүсгэдэг бодис биш.Хүний мэдрэлийн системд л нөлөөлдөг. Мөнгөн устай орчинд удаан ажилласан хүмүүс догшин ширүүн, ууртай, огцом ааштай, саажилттай болдог. Хорт хавдар үүсгэгч бодис гэхээр малчдын малынхаа ариутгал, халдваргүйжүүлэлтэд хэрэглэдэг дүүст юм. Мөн үүн дээр түүхий нүүрс, хуванцар, бензин шатахууны шаталтаас үүсдэг бодисууд нь хамгийн хортой хавдар үүсгэгч гэдэг нь батлагдсан. Тэгэхээр бид иргэдээ мэдлэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Бодис болгон хорт хавдар үүсгэдэг гэх ташаа ойлголтоос салах ёстой. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цианит хэдэн зуун жилээр устдаггүй,
хорт хавдар үүсгэдэг, генд нөлөөлдөг гэх зэргээр мэдээлдэг. Гэтэл тийм биш. Зөвшөөрөгдсөн тунгаас хэтрүүлж хэрэглэвэл ямар ч бодис аюултай.
Цианит хүний биед орсон бол хагас задралын хугацаа нь 20 минут байдаг. Үхэлд хүргэх тунгаар уугаагүй тохиолдолд эхний 20 минутад хагас нь задарна. Дахиад 20 минут болоход үлдсэн нь задраад алга болдог. Энэ үед амьсгал боогдох шинж тэмдэг илэрдэг. Энэ үед нь агаарт гаргах юм уу, хүчилтөрөгчийн аппаратад оруулах арга хэмжээ авах ёстой.

-Мөнгөн ус, цианит гэх хоёр бодис хор хөнөөлийн хувьд ижил шинж чанартай юу?

-Хоёр өөр шинж чанартай. Цианит амархан задардаг. Хэрэглээндээ хяналт тавих боломжтой бодис. Мөнгөн ус нь элемент учраас задарч алга болдоггүй. Ямар нэгэн байдлаар байгальд алдагдлаа, байгаль орчныг бохирдуулахад хор хохирол нь удаан үргэлжилдэг. Мөнгөн усны гол аюул бол хүний мэдрэлийн системд нөлөөлдөг. Хор хөнөөл нь удаан хугацаанд үргэлжилдэг. Цианитыг хүн үхэлд хүргэх тунгаар уугаагүй бол аюулгүй. Хор нь задарч алга болдог. Их хэмжээний тунгаар уучихсан тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдалд ороод тэр доороо үхэх аюултай. Өөрөөр хэлбэл, мөнгөн усны аюул шиг хүний үр удам, генийн түвшинд хүртлээ нөлөөлдөггүй. Ялгаа нь ийм. Мөн хязгаарласан бодисын тоонд орсон байдаг бол мөнгөн усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг бүрэн хориглосон.

-Андуурч хэрэглээд элдэв бодист хордох тохиолдол гардаг. Цианитын хувьд ямар хэмжээтэйг хэрэглэсэн бол тун хэтэрсэн гэж үзэх вэ?

-Цианитын агууламжийг ундны усанд ийм хэмжээгээр агуулагдаж байвал аюулгүй гээд зөвшөөрсөн стандарт байдаг ч нэг хүний хоол хүнснээсээ авч байгаа цианитын хэмжээг гаргасан тоо, судалгаа байдаггүй. Харин агаар дахь цианитын хэмжээ 20-40 мл шоо метр байхад хүний биед хордлогын шинж тэмдэг
илэрдэг бол агаарт 300 мл шоо метр циан байхад хүн шууд үхэх аюултай. Энэ бол агаараар хордох аюул. 200 мл-ийн хэмжээтэй цианитын уусмал уусан бол шууд үхэх аюултай. Цианит хатуу, талст бодис. Шатамхай. Үйлдвэрлэлийнхээ савлагаатай байхдаа аюулгүй ч устай урвалд орсон үедээ илүү аюултай.

-Бидний өдөр тутмын ахуйн хэрэглээнд “чимээгүй” нэвтэрсэн өөр ямар төрлийн аюултай бодисууд байдаг вэ?

-Ер нь бол химийн бодисын хэрэглээ маш өндөр. Хөгжил дэвшилтэй холбоотой химийн бодис хэрэглэхгүй байгаа салбар алга. Ахуйн хэрэглээнд ч ороод ирсэн. Аяга таваг угаагчгүйгээр бид нэг өдөр ч байж чадахгүй болсон. Шампунь, хувцас цайруулагч, бүх төрлийн гоо сайхны будаг бүгд химийн бодис. Энэ бүхнийг буруу
хэрэглэвэл бүгд хор. Малчдын төдийгүй монголчуудын нийтлэг хэрэглэдэг аккумлятор байна. Хөдөөгийнхөн гэртээ 2-5 ширхгийг гэртээ оруулаад тавьчихсан дүр зургийг бидний хэн ч бишгүй харж байсан. Бага насны хүүхэд ч гэлтгүй томчууд өөрсдөө хор уршгийг нь хүртэх нөхцөл үүсчихсэн байдаг. Хэрэглээд ашиглалтаас гарсан энэхүү аккумляторын хаягдлаа дийлэхгүй болчихлоо. Энэ мэт аюултай хог хаягдал бидний тулгамдсан асуудал боллоо.

-Эрдэмтдийн хувьд технологийн шийдлийн талаар хэр судалгаа хийдэг вэ?

-Менежментийн хамгийн гол зүйл нь хоггүй технологи бий болгох. Үүний талаар хүрээлэн, судлаач нар судалгаа хийж байна. Манай химийн хүрээлэнд малын гаралтай дайвар, ашигладаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалдаг. Жишээ нь, малын шилийг боловсруулаад маш их коллаген, уурагт бүтээгдэхүүн, нойр булчирхайг боловсруулж, үнэтэй фермент гарган авах гэх мэт. Судлаад, технологийг нь боловсруулаад нутагшуулах зүйлүүд их байна. Жишээ нь, цахим цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг зөв ашиглах. Гар утасны 26 хувь нь үнэт металл. Үүнийг дахин боловсруулж, ямар нэг зүйл хийдэг болбол маш их баялаг болно. Хогийг буруу технологиор боловсруулбал бидний нүдэнд харагдаж байгаагаасаа илүү аюултай. Хогийг газар булахад цагийн аясаар ялзраад устана.
Харин түүнийг шатаах ч юм уу, буруу аргаар устгавал хэдэн мянга дахин хор хөнөөлтэй. Хог хаягдлын шаталтаас болж генийн өөрчлөлт үүсгэдэг, дархлаа бууруулж, хорт хавдар үүсгэх бодис ялгардаг. Тиймээс устгахдаа анхнаасаа хууль эрх зүйн орчинг зөв бүрдүүлж, үйлдвэрүүддээ зөв шаардлага тавихгүй бол аюултай.
Өвлийн улиралд гэр хорооллын үнснээс өөр ямар ч хог гардаггүй гэсэн судалгаа гарсан. Иргэд шатаж болох бүх зүйлийг зуухандаа хийж шатааж, эсвэл хогон дээрээ халуун үнсээ хийнэ, эсвэл хогийн цэг дээр халуун үнсээ асгадаг. Энэ бүх нөхцөлд шаталт явагдаж, нүүрснээсээ илүү хортой бодисыг ялгаруулдаг. Тиймээс бид хогоо шатаахаа болиход л агаарын бохирдлыг зохих хэмжээгээр багасгах юм.

Холбоотой мэдээ

Шинэтгэлийг ШИНЭ МЭДЛЭГ ЧАДВАРААР

Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрх

2020-11-25

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. -Өргөн хэрэглээ

2020-11-06

Тэд сандарч, бид назгайрч байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр 14.18 цагт очиход иргэдийн халууныг хэмжихгүй, гараа ариу

2020-11-05

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.