Тэд сандарч, бид назгайрч байна

2020-11-05 350

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр 14.18 цагт очиход иргэдийн халууныг хэмжихгүй, гараа ариутгасан, эсэхийг нь хянах ажилтан байхгүй, хар зах шиг байлаа

ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: “Ковид-19”-ийн хоёр дахь давлагаа

БНХАУ-д илэрсэн, шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний талаарх мэдээллийг манай улсын Эрүүл мэндийн яам өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд анх авчээ. Ингээд тус улсаас болон эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдийг тандалт, судалгаанд хамруулж эхэлсэн аж. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилийн боомтуудаа шат дараатай хаасан юм. Шинэ өвчний талаарх мэдээллийг олон нийтэд байнга түгээж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тогтмол хүргэсний ачаар монголчууд бүх нийтээрээ амны хаалт зүүж, гараа угааж сурсан. Бас Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй цөөхөн орны нэгт тооцогдож байна. ДЭМБ-аас ч “Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй амжилт нь эв нэгдэл, урьдчилан сэргийлэх эрт үеийн арга хэмжээ авсантай холбоотой” гэж онцлон сайшаасан билээ. Энэ амжилтаа бататгахын тулд Улсын онцгой комисс тэргүүтэй холбогдох албаныхан аймаг бүрт “Ковид-19”-тэй тэмцэх баг байгуулахаар ажиллаж эхэлсэн. Бас болзошгүй эрсдэл тохиолдлоо гэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг ч бүрдүүлж буй юм.

Харамсалтай нь, иргэдэд юу ч хийхээ больчихлоо. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг уг нь энэ оныг дуустал сунгасан. Гэхдээ хорио цээрийн дэглэмийн хүрээнд зөвхөн хилийн боомтуудаа хааж, дотоодод ямар нэгэн хязгаарлалт, хөл хорио мөрдөхгүй байгаа нь олон нийтийг тайвшруулжээ. Коронавирус гэж огт байхгүй, хэзээ ч манай улсад орж ирэхгүй юм шиг л санаа амарсан хүмүүс гудамжаар дүүрэн. Тэр байтугай эрсдэлтэй бүс нутгаас ирж, тусгаарлагдаж байхдаа оргож боссон хүн ч бий. Эрүүл мэндийн яамнаас тогтмол сануулдаг амны хаалт зүүх, гар угаах дэглэм ч мартагдав. Хойд хөршид “Ковид-19”-ийн тархалт хүрээгээ тэлж, тэр дундаа манай улстай хил залгаа бүс нутгуудад нь халдвар голомтлон тархаж, нэг ёсондоо аюул хаалга тогшсон хэвээр байхад шүү.

Улсын хэмжээний гурван лабораторид энэ сарын 3-4-нд нийт 613 хүний сорьцыг шинжлэхэд гурваас нь коронавирус илэрчээ. “Хүннү эйр” компанийнхан өнгөрсөн сарын 20-нд Шинэ Дели-Улаанбаатар чиглэлд анх удаа тусгай үүргийн нислэг үйлдсэн билээ. Тус онгоцоор ирсэн хоёр хүн “Ковид-19”-өөр өвчилсөн байсныг давтан шинжилгээгээр тогтоосныг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Түүнчлэн энэ сарын 2-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины нэг жолоочоос коронавирус илэрсэн байна. Ингэснээр манай улсад шинэ коронавирусийн батлагдсан тохиолдол 352 болсон юм. Үүнээс 89.2 хувь нь буюу 314 хүн эдгэрсэн. Коронавирусээр халдварласан 38 хүн эмчлүүлж буйгаас 30- ийнх нь биеийн байдал хүндэвтэр гэнэ. ОХУ-д “Ковид-19”-ийн тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас коронавирус илрэх тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, улс хоорондын ачаа тээврийн 16 жолооч уг өвчний улмаас өчигдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байлаа. Тэдний дөрөв нь монгол, бусад нь гадаадын иргэн аж.

Олон улсад нөхцөл байдал түгшүүртэй, манайд ч халдвар авсан хүний тоо ийнхүү нэмэгдсээр байгаа. Тиймээс иргэд цар тахлын эхэн үед хэрэгжүүлж байсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, аюулаас өөрийгөө, гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалахад хувь нэмэр оруулах нь чухал гэдгийг албаныхан дахин дахин онцолж байлаа.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Э.ГЭРЭЛМАА: Хүн амын ганцхан хувьд халдвар тархвал 1295 нь нас барах эрсдэлтэй

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Гэрэлмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Коронавирусийн хоёр дахь давлагаанаас сэргийлэх, хариу арга хэмжээ авахад манай улс хэрхэн бэлдэж байна вэ?

-Шинэ төрлийн коронавирусийг нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэх халдварт өвчин болохыг зарласнаас хойш манай улс түүнээс сэргийлэх 400 гаруй зөвлөмж, мэдээлэл, инфографик, видео шторк боловсруулж, олон нийтэд сэрэмжлүүлж, тасралтгүй мэдээлсээр байна.

Дэлхий дахинд “Ковид-19”-ийн дэгдэлт өнгөрсөн хугацаанд намжмал байдалд орж, өдгөө нөхцөл байдал дахин хүндрэн, өвчний хоёр дахь давлагаа эхэлснийг албан ёсоор зарласан. Халдварын тархалт саарах үеэр иргэдийн анхаарал суларч, тус өвчнөөс сэргийлэх заавар, зөвлөгөөг биелүүлэхгүй, хайхрамжгүй хандах болсон. Хамгийн эрсдэлтэй цэгүүд болох олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх нь эрс багасжээ.

Манай хөрш хоёр оронд халдвар эрчимтэй тархаж буй энэ үед бид назгайрч болохгүй. Тэр дундаа хил дагуух бүс нутгуудад эрсдэл улам нэмэгдэж байгааг ойрын өдрүүдэд болсон үйл явдлууд харуулж байна. ЭМЯ-наас иргэдэд амны хаалт тогтмол зүүх, гараа угаах, олон хүн цугларсан газраар аль болох явахгүй, ил задгай нус, цэр, шүлсээ хаяхгүй байхыг зөвлөсөөр. Иргэд энгийн мөртлөө үр дүнтэй эдгээр зөвлөгөөг байнга санаж, дагах хэрэгтэй.

-Иргэдийн идэвх суларсан энэ үед урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг хэрхэн эрчимжүүлж буй юм бол?

-Шинэ вирус дэгдсэнээс хойш манай улс салбар дундын хамтарсан багаар эрүүл мэндийн салбарын эрсдэлийн үнэлгээг шат дараатай хийлгэж, үнэлгээний үр дүнд үндэслэн холбогдох тооцоо, судалгааг тусгай хөтөлбөрийн дагуу гаргасаар байна. Хүн амын ганцхан хувьд халдвар тархвал 32 385 хүн өвчилнө. Үүнээс 6768 нь хүндэрч, 1295 хүн нас барах магадлалтай. Хүн ам цөөнтэй монголчуудад хүнд гарз тохиох эрсдэлтэй. Уг тооцооллын дагуу бид хариу арга хэмжээ авч, бэлэн байдлаа үе шаттай ханган, эм, тариа, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, халдваргүйжүүлэх бодис зэргийг нөөцөлж, шаардлагатай хуваарилалтууд хийж байна. Өөрөөр хэлбэл, нийтийг хамарсан халдварын үед хүн амын хэдэн хувь нь өвчлөх магадлалтайг тооцон, түүнд шаардлагатай эм, тарианы нөөц бүрдүүлж, боловсон хүчнээ урьдчилж бэлддэг.

-Мэргэжлийн байгууллагууд халдварын голомтод хэрхэн ажилладаг вэ?

-Иргэдийг түр тусгаарлаж, тэндээсээ тээвэрлэн, эрүүл мэндийн байгууллагад хүргэж, эмчилнэ. Халдварын голомтод зохих журмын дагуу эцсийн халдваргүйжүүлэлтийг шат дараатайгаар, тусгайлан сургасан мэргэжлийн баг хийдэг. Энгийнээр тайлбарлахад, халдварт өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, эсвэл өвчилсөн нь тогтоогдсон газар нь голомт юм. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг урьдчилан сэргийлэх, голомтын, эцсийн гэж ангилдаг. Халдвар гарахаас урьдчилан сэргийлж, манайх 1-4 дүгээр сард халдваргүйжүүлэлт хийсэн.

Аж ахуйн нэгж, байгууллагууд болон айл өрхүүд одоогоор халдваргүйжүүлэх бодис хэрэглэх шаардлагагүй. Саван, угаалгын нунтгаар цэвэрлэгээ, ариутгал хийх зөвлөмж өгч байна. Учир нь, одоогоор халдвар дотоодод тархаагүй, мөн иргэд гэрийн нөхцөлд ариутгалын бодисыг зааврын дагуу ашиглахгүй байгаагаас хордох эрсдэл өндөр. Нөхцөл байдал хүндэрвэл дээр хэлсэнчлэн зөвхөн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд л голомтын халдваргүйжүүлэлтийг хийх юм. Эрсдэлтэй цэгүүд буюу гэр хорооллын нүхэн жорлон, үерийн далан шуудуу, хогийн цэгүүд, нийтийн эзэмшлийн зам, талбайг ч ариутгана. Голомтын халдваргүйжүүлэлтийг өдгөө Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн хариуцаж байгаа. Цаашид хүн хүч нэмэх шаардлага тулгарна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудаас 3000 гаруй хүнийг сургаж, 684 баг байгуулан, бэлэн байдалд ажиллуулж байна. Өвчин дэгдвэл эдгээр баг халдварын голомтод ажиллана гэсэн үг.

-Халдваргүйжүүлэх олон төрлийн бодис ашигладаг уу?

-Химийн бодисыг хил дамнуулан тээвэрлэх, импортлох, худалдах, устгах тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэх төвүүдээс бид халдваргүйжүүлэх бодисоо худалдан авдаг. Улсын хэмжээнд ашиглах ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутган, халдваргүйжүүлэх бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг Эрүүл мэндийн, Байгаль орчин, аялал жуулчлалын, Хүнс, хөдөө аж ахуйн сайд хамтран жил бүр шинэчилдэг. Одоогоор эрүүл мэндийн байгууллага, нийтийн үйлчилгээний газар, хоол, хүнс үйлдвэрлэлийн байгууллагуудад хэрэглэх 133 нэр, төрлийн ариутган, халдваргүйжүүлэх бодисыг бүртгээд байна.

Эдгээр нь ахуйн хортон шавж, мэрэгч, халдварын голомтод байнгын болон эцсийн халдваргүйжүүлэлт, орчны гадаргуу, агаар, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн давтан хэрэглэх багаж, гал тогооны хэрэгсэл, гар халдваргүйжүүлэх, цэвэрлэгээ, үйлчилгээнд хэрэглэх зориулалттай. Тиймээс мэргэжлийн хүмүүс л холбогдох тушаал, зааврын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.

ИНФОГРАФИК

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Амны хаалттай хүн нүдний гэм болжээ

“Алив хажуугаар чинь зөрчихье”, “Зам хааж зогсох юм” гэдэг үгийг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хэдэнтээ сонслоо. Хүний хөлд дарагдсан эл төвд амны хаалт зүүсэн хүн нүдний гэм байв. Томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдэд коронавирус тархах эрсдэл өндөр тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар байгаа билээ. Гэтэл тус төвд гар ариутгагч ч алга. Тэнд худалдаа эрхэлдэг эмэгтэйгээс “Гар ариутгагч бий юү” гэж асуутал “Ариун цэврийн өрөөнд байгаа” гэж хариулав. Түүний хэлсний дагуу ариун цэврийн өрөөнд нь очтол ариутгах уусмал дуусаж, сав нь эвдэрсэн байлаа. Үйлчлэгч эмэгтэй ариутгагч хэзээ дуусаж, сав нь хэдийд эвдэрснийг ч мэдэхгүй зогсоно. Товчхондоо, эл төвд “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэм алдагдаж, хэдийн мартагджээ гэхэд хилсдэхгүй нь. Амны хаалт зүүхээ больсон иргэд “Дэлгүүрт бүгчим учраас зүүсэнгүй”, “Цүнхэнд бий, эндээс гарахдаа хэрэглэнэ”, “Амны хаалт зүү” гэж шаардсан хүн байгаагүй болохоор санаанд орсонгүй” гэж ярьж байна.

Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдвар тархах өндөр эрсдэлтэйг холбогдох албаныхан байнга анхааруулж буй. Тиймээс нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажилтнуудаар ахлуулсан хяналт, шалгалтын багийнхан автобуснуудыг тогтмол цэвэрлүүлдэг байсан. Ингэхдээ дотор, гаднахыг нь сайтар угаалгахын зэрэгцээ гар ариутгагч ч байршуулж хэвшсэн байв. Гэтэл тэр хяналт, шалгалт дуусаж, автобуснууд ч буцаад “ноорхой” болчихжээ. Сансрын тунель-III, IV хороолол чиглэлийн автобусанд ариутгагч уусмал харагдсангүй. Шар хад-“ДЦС-3” чиглэлийн автобусанд ариутгагч уусмалын сав харагдсан ч хэдийн хоосорчээ. Дүүрэн хүнтэй эл хоёр чиглэлийн автобусанд амны хаалттай хүн тав ч хүрэхээргүй суусан байв. Уг нь нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүгээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно гэх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Тэрхүү арга хэмжээг өдгөө хэрэгжүүлж байгаа, эсэхийг нийслэлийн холбогдох албаныхнаас тодруулахад бүгд л “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Хүмүүс олноор цуглаж, зай барих дэглэм хамгийн их зөрчигдөж буй газар бол их, дээд сургуулиуд. Халдвар хамгааллын дэглэм хэр мөрдөж байгааг зарим сургууль руу орж тодрууллаа. Гараа тосох төдийд ариутгагч уусмал гардаг “ухаалаг” төхөөрөмжийг МУИС-ийн төв болон хоёрдугаар байранд тавьжээ. Гэсэн ч тэнд очиж гараа ариутгах хүн бараг алга. Уг нь сургуулиудад хүн нэвтрүүлэхдээ биеийн халууныг нь заавал хэмжих ёстой гэж хичээлийн шинэ жил эхлэх үеэр Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны яамныхан анхааруулсан. Гэхдээ тэр даалгавар биелэхээсээ өнгөрчээ. Тус сургуулийнхан “Халуун хэмжигч төхөөрөмж эвдэрсэн. Сургуулийн жижүүр эл ажлыг гүйцэтгэж, амны хаалт зүү гэж шаардах ёстой” гэсэн юм. ШУТИС-д ч нөхцөл байдал адил аж. Өнгөрсөн даваа гарагт тус сургууль руу ороход амны хаалттай хүн алга, зүү гэж шаардах ажилтан ч байсангүй.

БАЙР СУУРЬ

Дэлхий дахинд “Ковид-19” халдварын хоёр дахь давлагаа эхэлж, хүн төрөлхтнийг дахин айдаст автуулав. Гэтэл монголчуудын анхаарал болгоомж суларч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагахгүй байх явдал даамжирлаа. Цар тахлын эсрэг ажиллаж буй төрийн байгууллагын төлөөллийн байр суурийг хүргэе.

ИРГЭД ОДОО Л ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Б.УУГАНБАЯР (УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа):

-Дэлхийн зарим улс, тэр тусмаа Европын орнуудад коронавирусийн халдвар дахин эрчимтэй тархаж, хорио цээрийн дэглэмээ чангатгаж байна. Хойд хөршид ч нөхцөл байдал хүндэрлээ. Энэ бол гадаад аюул, эрсдэл. Нөгөө талаар дотоод аюул гэж бий. Хүйтний улирал эхэлж, ханиад, томуу дэгдэж буй энэ цагт иргэд анхаарал болгоомжгүй байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдлыг сулруулах эрсдэлтэй. Коронавирусээс сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12.2-т иргэн мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах үүрэгтэй гэж заасан. Коронавируст халдвартай тэмцэхэд олон нийтийн оролцоо чухал. Холбогдох байгууллагуудаас цар тахлаас сэргийлэх, тэмцэх чиглэлээр арга хэмжээ аваад байдаг. Гэтэл олон нийтийн оролцоо дэмжлэггүйгээр үр дүн гарахгүй. Иргэд хариуцлагатай байх цаг ирээд байна. Шадар сайдын ажлын алба, Шуурхай штабынхан ХӨСҮТ, МХЕГ, ДЭМБ-тай хамтран “Ковид-19”-тэй тэмцэх, бэлэн байдлыг хангах зорилгоор дараагийн тактикаа боловсрууллаа. Орон нутгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабыг тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллуулах, арга зүйг эзэмшүүлэх, өвчин илэрсэн үед голомтод үүрэг гүйцэтгэх ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг бүх аймагт зохион байгуулна.

ДОТООДДОО ХАЛДВАР АЛДААГҮЙ Ч АЮУЛ ОЙРХОН ХЭВЭЭР

Н.МЭНДСАЙХАН (Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн):

-Иргэд амны хаалт зүүхээ больж, анхаарал, болгоомж суларсан нь хаа сайгүй харагдаж байна. Цар тахал агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс амны хаалтгүй, гараа ариутгаагүй, олон хүн цугларсан газар эрсдэл хамгийн өндөр. Бид дотооддоо халдвар алдаагүй ч аюул ойрхон хэвээр. Хэдийгээр хилийн боомтуудыг хаасан ч вирус хэзээ ч тархах эрсдэлтэй. Тиймээс хүн бүр бэлтгэлтэй, өөрийгөө хамгаалах арга, туршлагатай байх нь чухал. Өөрөөр хэлбэл, амны хаалт хэрэглэж хэвших, үзвэр, үйлчилгээний газрууд тогтмол агаар сэлгэж, цэвэрлэж халдваргүйжүүлэх ёстой. Мөн үйлчлүүлж буй хүмүүсийг хоорондоо зай барих, гар угаах, ариутгах боломжоор хангах хэрэгтэй. Иргэд онцын шаардлагагүй бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар явахгүй, гадуур сэлгүүцэхгүй, дархлаагаа дэмжин, даарч хөрөхгүй, ядарч, нойр муутай байхаас аль болох зайлсхийх нь зөв. Бага насны хүүхдүүдэд А аминдэмийг өрхийн эрүүл мэндийн төвөөс авч уулгаарай. Мөн Д аминдэм уух, дасгал хөдөлгөөн сайн хийх нь цар тахлаас хамгаалах нэг арга. НЭМГ-аас “Маскаа зүүе, гараа угаая” аян өрнүүллээ. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг тогтмол шалгаж, зөвлөмж өгч буй. Эм, тарианы нөөцөөс эхлээд амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл, хоол хүнс, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бүрдүүлж байгаа.

ГАРАА УГААХААС ЗАЛХУУРЧ БОЛОХГҮЙ

Б.АМГАЛАНБАЯР (ЗӨСҮТ-ийн дэд захирал):

-“Ковид-19” цар тахал улс орны тулгамдсан асуудал байсан бол одоо хүн бүрт хамаатай болсон. Цөөнгүй улс хөл хорио тогтоосон бол зарим нь хүн амынхаа дунд уг халдварыг тархаахгүйн тулд хилээ хааж, хатуу аргаар тэмцэж байна. Манай улс гадаадаас бараа, бүтээгдэхүүн тасралтгүй оруулж ирж байгаа. Гадаадаас ирсэн иргэдийг тусгай хяналтад нэвтрүүлж, тусгаарлаж буй. Манай Засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэдийн дунд халдвар тархаагүй. Эрүүл мэндийн байгууллагуудаас маш олон зөвлөмж, мэдээллийг иргэдэд өгч байна. Гэвч хэрэгжүүлж байгаа нь цөөхөн. Бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн, сургууль, цэцэрлэгээ нээсэн цөөн орны нэг нь манай улс. Монголд “Ковид-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдэхэд бид бүх нийтээрээ маш шуурхай арга хэмжээ авч, халдвараас сэргийлсэн. Тэр эрчээ алдахгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Вирус эрчимтэй тархаж байхад амны хаалт зүүх, гараа угаахаас залхуурч болохгүй.

24 ЦАГИЙН ТУРШ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА

Н.СУВДМАА (ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга):

-Дэлхий дахинд коронавирусийн хоёрдахь давлагаа эрчимжиж, Европын улс орнуудад халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэж байна. Мөн сүүлийн өдрүүдэд манай улсад уг халдварын зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол нэмэгдэн, 350-ийг давлаа. Үүнтэй холбоотойгоор эрт сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа илүү хангаж ажиллах шаардлага зүй ёсоор тулгарсан. Иймээс иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг эргэн санаж, хатуу дагаж мөрдөх шаардлага зайлшгүй бий болжээ. Тодруулбал, гараа бохирдох бүрт тогтмол савандаж, зөв дарааллын дагуу угаах, амны хаалтыг зөв зүүж, тайлах, нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүж хэвших, бага насны хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй байх зэрэг зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй. Мөн “Ковид-19” өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар бол 24 цагаар ажиллуулж буй 1800-0119, 119, 80086829 дугаарын утсанд холбогдоорой.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Европын найдлага Тасрав

Эдийн засгийн үзүүлэлтээр АНУ-ын дараа хоёрдугаарт ордог, өнгөрсөн хавар энэ зуунд хамгийн гүнзгийд тооцогдох хямралд автсан Европ тив энэ өвлийг хөл хорихгүйгээр давах найдлага тавьж байсан нь талаар болов. Тус тивийн орнуудад хагас тэрбум хүнийг шинэ төрлийн коронавирусийн хоёр дахь давлагаа нөмөрчээ.

Цар тахлын эхний давлагаанд өртсөн ресторан, агаарын тээвэр, дэлгүүрийг энэ удаагийн хямрал тойрохгүй бололтой. Тэд Зул сарын баяр, “хар баасан гараг”, шинэ жилийн үеэр жирийн үед орлогынхоо гурав, эсвэл дөрөвний нэгийг олдог байжээ. Гэтэл дахин тогтоосон хөл хорио Зул сарын баярын өмнөх аймшиг болох нь гэж Британийн дэлгүүрийн эздийг төлөөлөн BRC байгууллагын тэргүүн Хелен Дикинсон мэдэгдэв. “Эхний давлагааны үеэр дэлгүүрүүд долоо хоног тутам нэн түрүүнд шаардлагатай бус барааны хоёр тэрбум ам.долларын орлогоо алдсан. Шинэ жилийн өмнөх өдрүүдэд энэ алдагдал хэмжээлшгүй их болох нь” гэж тэрбээр анхааруулжээ. Ийм байдал агаарын тээврийн компаниудад мөн үүсэв. Тэд эхний давлагааг ажилтнуудаа цомхотгох, онгоцоо худалдах болон төрийн дэмжлэгтэйгээр давсан. Гэвч зардлаа танахад хязгаар бий бөгөөд санхүүгийн дэмжлэггүйгээр дунджаар зургаан сар тэсэж, 2021 онд эл салбарын компаниуд олноороо дампуурахыг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос “зөгнөв”.

Сүүлийн өдрүүдэд хөл хорилоо. Гэхдээ өнгөрсөн хаврынхаас ялгаатай нь сургууль, албан байгууллагаа хаасангүй. Хязгаарлах арга хэмжээ нь чанга биш болохоор хөл хорионоос залхсан хүн амынх нь нэг хэсэг тогтоосон хоригийг заавал дагаж мөрдөх албагүй хэмээн үзэж байна. Үүний улмаас эдийн засагт учрах хохирол арай бага гарна хэмээн улстөрчид болон эдийн засагчид үзжээ. Өнгөрсөн хаврын бүх нийтийг хамарсан хөл хорионд Францын эдийн засгийн үзүүлэлт 30 хувиар буурсан бол одоо эл үзүүлэлт 15 байна гэж тус улсын Сангийн сайд Брюно ле Мэр найдаж буй.

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева ч мөн тийн үзэж байна. “Өнгөрсөн гуравдугаар сарынх шиг уналтад орохгүй гэдэг нь юуны түрүүнд, эдийн засагт гол хохирол учруулсан, гэрээсээ ажиллах шаардлагыг энэ удаа тавиагүйтэй холбоотой. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүмүүс аажмаар суралцаж байгаа нь шинэ давлагааны үеэр идэвхтэй байх боломж олгож буй. Гуравдугаарт, хамгийн гол нь хямралын эсрэг төсвийн болон зээлийн онцгой арга хэмжээ авч байна” гэж тэрбээр хэлжээ. Тус сангийн тооцоолсноор зөвхөн “Их-20”-ийн орнууд хүн ам, бизнес, эрүүл мэндийг дэмжихэд 11 их наяд орчим ам.доллар зарцуулсан нь дэлхийн ДНБ-ий 13 хувиас давсан үзүүлэлт юм.

Төрөөс эдийн засгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнээсээ татгалзахгүй байхыг К.Георгиева ээлжит удаа дэлхийн бүх улсын удирдагчид уриалжээ. Энэ нь үнэтэй тусах ч бүхэл бүтэн салбарт эргэлт буцалтгүй өөрчлөлт орох, устах, нэгэнт үгүй болсныг сэхээхийг оролдохоос хамаагүй амар гэнэ. Хөл хорих нь цар тахлыг зогсоох хамгийн үл нөлөөтэй арга хэмээн үздэг эмч нарыг ОУВС дэмжиж байгаа ч юу ч хийхгүй бол вирус хяналтаас гарахгүйг анхааруулжээ.

Үндэсний баялгийг ч, улс төрийн нөлөөг ч эрчимтэй үгүй хийж буй учраас хөл хориог эсэргүүцэгчид олон байна. Ариун цэврийн өргөн хүрээг хамарсан хязгаарлах арга хэмжээнүүд үр нөлөөгүй болохыг хоёр дахь давлагаа нотоллоо гэж олон хүн үзжээ. Тиймээс Итали, Испани, Польш, Чех, Герман, Австралийн иргэд гудамжинд гарч, дургүйцлээ илэрхийллээ.

Хөл хорионоос яаран татгалзсанаас вирус дахин тархахад хүргэсэн хэмээн үзэж буй нөгөө хэсэг нь цар тахал хэдийн дууссан Хятад, Өмнөд Солонгос, Тайванийн жишээг дурджээ. Эл гурвын эдийн засаг эрчимтэй сэргэж, Тайвань л гэхэд хямралын өмнөх түвшиндээ хүрсэн байна. 23 сая хүн амтай Тайваньд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэнэ.

Европт ажил хэргийн идэвх цар тахлын өмнөх үеийнхээс доогуур байгаа ч 2020 оны сүүлчийн, дөрөвдүгээр улиралд өсөж, ирэх жилийн дундуур үндэсний баялгийн өсөлтийн урьдын траектордоо эргэн орно хэмээн найдсан нь бүтэхгүй бололтой.

Бэлтгэсэн: М.Оч, О.Бат-Ундрах, Э.Намуунцэцэг,  З.Гал

Холбоотой мэдээ

Шинэтгэлийг ШИНЭ МЭДЛЭГ ЧАДВАРААР

Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрх

2020-11-25

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. -Өргөн хэрэглээ

2020-11-06

Тэд сандарч, бид назгайрч байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр 14.18 цагт очиход иргэдийн халууныг хэмжихгүй, гараа ариу

2020-11-05

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.