Хяналтаас алдуурсан “тэсрэх бөмбөг”

2020-11-03 236

Өнөөдөр сонин

– Шатахуун тээврийн машинуудын 70 орчим хувь нь гал унтраагуур, оч баригчгүй байв –

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь Цагаандаваанд гарсан аймшигт осол одоо ч олон хүний сэтгэлийг хэрдхийлгэсэн хэвээр. Өнгөрсөн долдугаар сарын 15-нд 300 гаруй тонн шатахуун ачиж явсан “Норд бенз” загварын автомашин онхолдож, дэлбэрсний улмаас хоёр гэр бүлийн найман хүн хорвоог орхисон юм. Галын улмаас таван настай охин эмээгийнхээ хамт газар дээрээ өөд болж, түлэгдсэн хүмүүс шархаа даалгүй ар араасаа амьсгал хураасан. Золгүй явдлын золиос болж, хагацал үзсэн хоёр гэр бүлийн эмчилгээний зардалд монголчууд чадлаараа тус дэм болсон ч зарим хүнийг аварч чадаагүй. Ингээд нэг бүсгүй нөхөр, ээж, гурван үрээ алдсан. Нөгөө гэр бүл нь мөн гурван хүнээ сүүлчийн замд нь үдлээ. Ийм эмгэнэлт явдал дахин бүү тохиолдог. Үүнд хаана хаанаа анхаарах учиртай.

…Тээврийн хэрэгслийг жилд хоёр удаа үзлэг, оношилгоонд хамруулаагүй, гал хамгаалагчгүй, цахилгаан хэлхээг шууд салгах унтраалгыг жолоочийн бүхээгт байрлуулаагүй, цахилгааны утаснууд шалбарч гэмтсэн, таван литрээс багагүй хэмжээтэй галын хор 2-3-ыг авч явах ёстой ч байхгүй, “орохыг хориглоно” гэсэн ослын анхааруулах тэмдэггүй, дугуйн хээ нь элэгдсэн зэрэг 158 зөрчил илэрсэн байна…

Энэ онд Улаанбаатар, Архангай, Дорнод, Завхан, Увс, Хөвсгөл аймагт аюултай ачаа (шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий) тээвэрлэж байсан авто тээврийн хэрэгслүүд ноцтой осол гаргаж, их хэмжээний хохирол учруулжээ. Үүний нэг нь дээр дурдсан тохиолдол. Ослын улмаас хань, ээж, үр хүүхдээ алдсан хөөрхий эмэгтэй БНСУ-д эмчлүүлээд саяхан эх орондоо ирсэн байна. Тэрбээр тавхан сартай хүүгээ энгэртээ тэвэрч, улаан галаас хамгаалж чадсан юм. Аймшигт ослоос хойш дөрвөн сар өнгөрсөн ч галын дүгнэлт (14-21 хоногт гарах ёстой) өдий болтол гараагүй гэнэ. “Шунхлай” болон шатахуун тээвэрлүүлсэн “Тэргүүн-Эрдэнэ” компанийнхан аль аль нь хариуцлага хүлээсэнгүй.

Манай улс өнгөрсөн онд хоёр сая 40 мянган тонн шатахуун, дизель түлш зэрэг бүтээгдэхүүн импортолжээ. Үүнийг шатахуун түгээх 1310 станцад нийлүүлж, иргэдийн хэрэглээг хангасан байна. Аалзны тор мэт хэрсэн станцууд руу аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс шатахуун зөөж, өдөр, шөнөгүй холхидог. Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэх үед хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул хохирол учруулах химийн хортой болон аюултай бодис, хог хаягдал, тэдгээрийн ариутгаагүй сав баглаа боодлыг аюултай ачаа гэж тодорхойлдгийг зориуд сануулъя. Үүнийг дотор нь ес ангилдаг. Шатахуун хоёр, гуравдугаар ангилал буюу шахсан хий, даралтаар хадгалсан уусмал, амархан гал авалцах шингэн гэдэгт нь багтдаг байна. Нэгдүгээр ангилалд багтдаг тэсэрч дэлбэрэх бодисыг манай улсад нэлээд сайн хянадаг. Гэтэл шатахууны хадгалалт, тээвэрлэлтийн хяналт сул байсаар өдий хүрэв. Энэ нь бүр тэсэрч дэлбэрэх бодисоос ч илүү аюул дагуулах болсныг мэргэжлийн хяналтынхан хэллээ. Иймээс хүний амь эрсдэх, гэмтэх тохиолдол гарсаар байна.

Эх сурвалж: МХЕГ

Нийслэлийн Онцгой байдлын газар, ТЦА-ны Замын цагдаагийн газартай хамтран шатахуун тээвэрлэгчдийн галын аюулгүй байдлыг өнгөрсөн сард шалгажээ. Шатахуун тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 120 гаруй тээврийн хэрэгсэл, автоцистернийг шалгахад жолооч нарын 40 орчим хувь нь мэргэшсэн үнэмлэхгүй байжээ. Үлдсэн нь мэргэжлийн үнэмлэхтэй ч 20 орчим хувь нь аюултай ачаа тээвэрлэх ангиллын цохолт хийлгээгүй байж. Зарим нь ийм үнэмлэх авдаг, эсэхийг ч мэдэхгүй байсан гэнэ. Тэдгээрийн 70 орчим хувь нь гал унтраагуур, оч баригчгүй байжээ. Хамгийн ноцтой нь зориулалтын бус газарт шатахууныг жижиглэнгээр борлуулж байжээ. Өөрөөр хэлбэл, агуулахаас шатахуун аваад хүссэн газартаа жижиг машинд шахдаг зөрчил цөөнгүй илэрсэн байна. Мөн тээвэрт яваа автоцистернүүд “хөгширсөн” буюу 1998, 1999 онд үйлдвэрлэсэн, Монголд оруулж ирээд дунджаар таван жил болсон байжээ. Даралтат савны аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу савны битүүмжлэл, гагнаас, шингэн алдаж буй, эсэхийг нягтлуулж, мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл ийм дүгнэлт байдаггүй гэнэ.

Тиймээс МХЕГ-аас аюултай ачаа тээвэрлэсэн автомашин осолдохоос сэргийлэх зорилгоор тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн автоцистерн, чиргүүлд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсны дараа л техникийн хяналтын үзлэгт хамруулах хүсэлтийг Зам, тээвэр хөгжлийн яаманд гаргасан аж. Хүсэлтийг тус яам хүлээн авч, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журамд өөрчлөлт оруулах болжээ. Өдий хүртэл аюултай тээврийн хэрэгслүүдийг улсын байцаагчийн дүгнэлтгүй хөдөлгөөнд оролцуулж байсан гэхэд итгэхэд бэрх. Автомашин, автоцистерн газардуулагч, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр тоноглогдсон байх ёстой. Гэтэл ихэнхэд нь тийм багаж хэрэгсэл байгаагүйг шалгалтын явцад тогтоожээ. Энэ талаар НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржав “Шатахуун тээвэрлэдэг жолооч нарт галын аюулгүй байдлын талаар мэдлэг алга. Гал унтраах багажийг үзүүлэн төдий ашигладаг. Өөрөөр хэлбэл, хэрхэн ажиллуулахыг мэддэггүй. Шатахуун тээвэрт автоцистерн ашиглах дүрэмтэй. Гэтэл ачааны машин дээр ёмкость тавиад цистерн “болгодог” нь эрсдэл дагуулж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадсан, эсэхэд тавих хяналт сул учраас осол гаргах нь цөөнгүй болжээ. Тухайн тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулсан, эсэхийг ч холбогдох албаныхан хянаж чадахгүй байна” гэв. Энэ удаагийн шалгалтаар 120 орчим авто тээврийн хэрэгсэл, цистернийг хянаж шалгасан бөгөөд Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 20 орчим хувь хүн, хуулийн этгээдийг 12 сая төгрөгөөр торгожээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсад импортын тусгай зөвшөөрөлтэй 110-аад аж ахуйн нэгж, шатахуун түгээх 1310 станц, 112 агуулах, сав бий. Шатахуун түгээх станцуудад гурав хүртэлх жилээр тусгай зөвшөөрөл олгодог. Цар тахлаас шалтгаалан өнгөрсөн зун дотооддоо аялах иргэдийн тоо өссөн. Наадмын дараахан зарим газарт А95 шатахууны хомсдол үүссэн. Манай улс агуулахынхаа хэмжээгээр шатахуун оруулж ирдэг. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ онд А95 шатахууны хэрэглээ 30-40 хувиар өссөн. Монгол Улс ОХУ-аас нийт бүтээгдэхүүний 93-95 хувийг импортолдог. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруултал төв суурин газарт “Евро-5” стандартын бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр зорьж байгаа. Орон нутгийн зарим шатахуун түгээх станц тусгай зөвшөөрөлгүй, норм дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй байна. Алслагдсан газарт шатахуун тээвэрлэх явцад аюулгүй байдлаа хангаагүйгээс осол гарах нь цөөнгүй. Энэ бүхнийг цэгцлэхээр ажиллаж байна” гэв.

Аюултай тээврийн аюулгүй байдлыг хянах өөр нэг байгууллага нь мэргэжлийн хяналт. МХЕГ-аас өнгөрсөн онд шатахуун тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тандаж, судалсан байна. Судалгаагаар цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тухайлбал, тээврийн хэрэгслийг жилд хоёр удаа үзлэг, оношилгоонд хамруулаагүй, гал хамгаалагчгүй, цахилгаан хэлхээг шууд салгах унтраалгыг жолоочийн бүхээгт байрлуулаагүй, цахилгааны утаснууд шалбарч гэмтсэн, таван литрээс багагүй хэмжээтэй галын хор 2-3-ыг авч явах ёстой ч байхгүй, “орохыг хориглоно” гэсэн ослын анхааруулах тэмдэггүй, дугуйн хээ нь элэгдсэн зэрэг 158 зөрчил илэрсэн байна. Мөн аюултай тээврийн хэрэгслийг байрлуулах зогсоол, талбайгаар бүрэн хангаагүй байжээ. Ялангуяа хувиараа тээвэрт явдаг иргэд автомашинаа гэрийн хашаа, олон нийтийн эзэмшлийн талбайд ил тавьдаг нь эрсдэл үүсгэж байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлэв. МХЕГ-ын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Саранцэцэг “Аюултай ачаа тээвэрлэх талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад урьдчилан гаргаж өгөх, холбогдох байцаагчаар дүгнүүлсний дараа тухайн тээврийн хэрэгслийг ашиглах, мэргэшсэн жолоочоор тээвэрлүүлэх зэрэг олон шаардлага хангах хэрэгтэй” гэлээ.

Олон хүний амь, эрүүл мэндтэй шууд холбоотой ажил үүрэг гүйцэтгэж байж шатахуун тээвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс ийн хайнга хандаж буй нь харамсалтай. Энд ч шатахуун, түлш асгарчээ, тэнд ч осолджээ гэх мэдээлэл хөврөх болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр ГССҮТ-өөс уруудах замд шатахуун тээвэрлэж явсан “Тэс петролиум” компанийн автомашин осолдож, нэг тонн гаруй шатахуун асгарсан юм. Ослын газарт очсон улсын байцаагчийн дүгнэснээр тус машины дугуй хуучирч элэгдэн, ямар ч хээгүй болсон байж. Энэ нь халтирч гулган, ноцтой осол гаргахад нөлөөлжээ. Цагаандавааны осол ч мөн ялгаагүй техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан гэдэг. Автомашиных нь тоормос барихгүй байснаас осол гарсан гэж жолооч нь ярьсан билээ. Өөрийн болон өрөөлийн амийг таслах гээгүй юм бол аюулгүй байдлаа нэгдүгээрт тавья, жолооч нар аа.

Холбоотой мэдээ

Шинэтгэлийг ШИНЭ МЭДЛЭГ ЧАДВАРААР

Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрх

2020-11-25

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. -Өргөн хэрэглээ

2020-11-06

Тэд сандарч, бид назгайрч байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр 14.18 цагт очиход иргэдийн халууныг хэмжихгүй, гараа ариу

2020-11-05

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.