Хот руу оруулах нэг кг махнаас ч ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГ шаардана

2020-10-14 91

Эх сурвалж: Өглөөний сонин

2020.10.13

Монголчууд өвлийн идшээ бэлтгэж эхэлж байгаатай холбоотойгоор НМЭГ-ын Хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга И.Жавхлантаас мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг хэрхэн авах талаар тодрууллаа.

-Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээнд үндэслэн хот руу нэвтрүүлдэг. Энэ талаар хяналт шалгалт хэр явагдаж байна вэ. Цар тахалтай холбоотойгоор шалгуур өндөрссөн үү?

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсанаар мал эмнэлэгт малын гарал үүсэл­тэй холбогдох хяналтын чиг үүрэг оногдсон. Өнөөдрийн байд­лаар Улаанбаатар хот руу орж гарах хяналтын таван цэг дээр үйл ажиллагаа явагдаж байна. Цаашдаа Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу есөн цэг дээр хяналт ажиллах юм. 21 аймаг, бүх сумаас хот руу орж ирж байгаа мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд цахим гэрчилгээ олгож байгаа. Цахим гэрчилгээг хянахдаа гар утсаараа ч шалгах боломжтой. Энэ хяналтыг мал эмнэлгийн газар, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хийж байна.

-Улаанбаатар хотын иргэд өвлийн идшээ бэлтгээд эхэлжээ. Орон нутагт байгаа аав, ээж, хамаатан садныхаасаа өвлийн идшээ бэлтгээд хотыг зорих хүмүүс олон шүү дээ. Тэр хүн бүрээс малын гарал үүслийн гэрчилгээ шаардах уу?

-Халдварт өвчин тээвэрлэхдээ хүрвэл нэг килограмм мах, мянган толгой малны алийг нь ч ялгахгүй. Тиймээс хэнээс ч бай, хэчнээн хэмжээний махнаас ч бай мал эмнэлгийн гэрчилгээг шаардана. Мал эмнэлгийн гэрчилгээ цахимд шилжсэн учраас ямар нэгэн байдлаар олгогдохгүй, олгохгүй байна гэсэн асуудал байхгүй.

-Нэг килограмм мах, нэг хонь идэшний зориулалтаар оруулж ирсэн ч гэрчилгээ шаардана гэсэн үг үү?

-Яг идэшний зориулалтаар гээд хот руу оруулж байгаа ганц, хоёр хониноос заавал мал эмнэлгийн гэрчилгээ гээд төвөг удаад байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд хууль, дүрмээ сануулаад иргэдийг хот руу нэвтрүүлдэг. Гэхдээ хүнсний зориулалтаар хэрэглэх учраас мал, эмнэлгийн гэрчилгээ авахгүй байж болно гэсэн хуулийн заалт байхгүй.

-Хот руу бод мал оруулахад илүү хяналттай байгаа сурагтай?

-Мал эмнэлгийн гэрчилгээг яагаад бод малд илүү шаарддаг вэ гэхээр малын хулгайтай холбоотой. Мал нь хүний амь­жир­гаатай холбоотой, нэг үхэр ч байсан мал эмнэлгийн гэр­чилгээтэй байна гэдэг нь хулгайн мал биш гэсэн баталгаа болдог.

-Малын гарал үүслийн гэрчил­гээгүй бол хууль зөрчсөн гэж үзэх үү?

-Зөрчлийн тухай хуулиар хувь хүн 150 мянган төгрөг, аж ахуйн нэгж 1.5 сая төгрөгөөр торгуулах заалт бий.

-Тэгвэл хот руу тээвэрлэж явсан махыг нь оруулахгүй гэх хуулийн заалт байдаг уу?

-Хяналтын цэгүүд дээр 14 хоног хүртэл саатуулж, тэр хугацаандаа мал, мах тээвэрлэж байгаа эзнээс нь бүх зардлыг гаргуулж шинжилгээ хийлгэж болох тухай хуулийн заалт бий. Гэхдээ ийнхүү шинжилгээ хийлгэх нь асар өндөр зардалтай. Ерөөсөө мал эмнэлгийн гэрчилгээг л авсан байхад ямар нэг хүндрэл байхгүй.

-Мал эмнэлгийн гэрчилгээ нь эрүүл мах гэдэг хамгийн том баталгаа болж байна. Нөгөө талаас малын хулгайгаас сэр­гийлэх ач холбогдолтой. Гэвч уг гэрчилгээг авахад хөөцөлд­лөгөө хэр орох бол. Гэрчилгээг хаанаас авах ёстой вэ?

-Цахим гэрчилгээ олгож байгаа учраас дараалал, бэрхшээл бараг үүсэхгүй болсон. Малчны хотноос орж, гарч байгаа болон бүх малын эрүүл мэндийн мэдээлэл ч цахимжсан. Цахим гэрчилгээ гэж зургаан оронтой код буюу тоо аваад болно. Шалгаж байгаа газарт тухайн зургаан оронтой тоогоо хийхэд мэдээлэл гараад ирдэг. Тиймээс малын хулгайгаас сэргийлнэ. Малын халдварт өвчнөөс сэргийлнэ. Хүн амын хүнсний хэрэгцээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хан­га­сан бүтээгдэхүүн очиж байна.

Мал эмнэлгийн гэрчилгээг сумын мал эмнэлгээс авна. Сумынхаа хувийн мал эмнэл­гүүдээс ч авч болно. Яагаад сумын мал эмнэлгүүд гэрчилгээ олгож байна вэ гэхээр тухайн орон нутгийнхаа халдварт өвчний зураглалыг сайн мэддэг, түүнийхээ дагуу вакцин, тарилгаа хийдэг. Тийм учраас дүүрэг, хороо, аймаг, сум, багаас эрүүл мах гарч байна гэдэг баталгаажилтыг тухайн орон нутгийн мал эмнэлэг л олгож чадна.

-Эрүүл мал хэмээн баталгаа­жуулахад вакцинд хамрагдах ёстой гэсэн нэг шаардлага байна. Үүнийг тодруулбал?

-Мал эмнэлгийн цахим систем дээр тухайн Бат гэж айлынх хэдэн малтай, хэзээ малаа вакцин, тарилгад хамруулсан гэх мэт бүх мэдээлэл бүртгэгдсэн байдгийг сая хэллээ. Малын вакцины хувьд таригдсанаас хойш 21 хоногийн дараа л хүнсний зориулалтаар ашиглаж болно. 21 хоногийн дараа тухайн маланд бүрэн дарх­лаа тогтсон гэж үзэж мал эмнэлгийн гэрчилгээг олгоно. Түүнчлэн 14-21 хоногт тухайн вакцины үлдэгдэл, химийн бодис малын биеэс гадагшилдаг.

-Мал эмнэлгийн гэрчилгээг юуг анхаарч олгодог вэ?

-Нэгдүгээрт, тухайн орон нутагт гоц халдварт болон халд­варт өвчин, шимэгч буюу паразит өвчин гарсан уу, үгүй юу гэдэгт үндэслэнэ. Хоёрдугаарт, тухайн орон нутагт зонхилж гардаг халдварт өвчнүүдийн хүрээнд урьдчилан сэргийлэх вакцин, тарилгад хамрагдсан уу, үгүй юу гэдгийг үзэж судлана. Дараа нь тухайн малд эрүүл мэндийн үзлэг хийгээд ямар нэг өвчний шинж тэмдэггүй тохиолдолд мал эмнэлгийн гэрчилгээ олгож байгаа. Мал, амьтны мах болон түүхий эд бүтээгдэхүүнд яг энэ байдлаар гэрчилгээ авах ёстой.

-Мал эмнэлгийн гэрчилгээ хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ?

-Харьцангуй хямд үнэтэй. Хөдөө, орон нутагт 1990 гаруй онд мөрдөгдөж байсан тарифын дагуу явж байгаа. Нийслэлийн хувьд 2007 онд НИТХ-аар батлагдсан тарифаар үйлчилдэг.

Холбоотой мэдээ

Хот руу оруулах нэг кг махнаас ч ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГ шаардана

Эх сурвалж: Өглөөний сонин 2020.10.13 Монголчууд өвлийн идшээ бэлтгэж эхэлж байгаатай холбоото

2020-10-14

Хүнс үйлдвэрлэгчдээс чанар нэхэж, хөнгөлөлт үзүүлье

2020-10-09 Өнөөдөр сонин Хүн 600 орчим төрлийн эрдэс бодисыг хоол хүнснээс авч байж бие махбод

2020-10-09

“Хорт хавдарт сайн” хэмээн малын эм борлуулдаг сүлжээ ажилласаар байна

Өнөөдөр сонин Малд зориулсан эмийг хүний эрүүл мэндэд маш сайн, хорт хавдар эдгээдэг хэмээн хуурч

2020-10-08

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.