“Хорт хавдарт сайн” хэмээн малын эм борлуулдаг сүлжээ ажилласаар байна

2020-10-08 157

Өнөөдөр сонин

Малд зориулсан эмийг хүний эрүүл мэндэд маш сайн, хорт хавдар эдгээдэг хэмээн хуурч борлуулах явдал гарсаар байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-д үйлдвэрлэсэн, “АСД-2ф” гэх эмийг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөр үйлчлүүлж буй, хүнд өвчин туссан хүмүүс болон тэдний ар гэрийнхний “тархийг угааж”, өөрсдөдөө татдаг ашиг хонжоо хайгч цөөнгүй болжээ. Дээрх эмийг “Малын эмийн сангуудаар худалдаж байгаа. Бор шилтэй, маш сайн эм. Хорт хавдартай гэж байсан аав минь, ах минь 3-4 шилийг уугаад шинжилгээ өгөхөд өвчин нь газар аваагүй, шимэгдсэн байсан” хэмээн ярьж, сандарч, тэвдсэн иргэдэд итгүүлдэг.

Харамсалтай нь, малын эмийг хүний эрүүл мэндэд сайн хэмээн өгч байгаа, хараа хяналтгүй борлуулж буй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй эм, биобэлдмэл нийлүүлэгч тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, хувь хүнд хүлээлгэх хариуцлага хуульд алга. УЕПГ-ын Сургалтын төвийн ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх, доктор (Ph.D) Б.Өнөрмаа “Эмийн хууль бус эргэлт, хэрэглээг хязгаарлах шаардлага, үндэслэл” судалгаандаа “Иргэдийн гарцаагүй байдал буюу хүнд өвчний өмнө хүчин мөхөстсөн байдлыг далимдуулан малд хэрэглэдэг эм, бэлдмэлийг хорт хавдар эдгээдэг, элдэв төрлийн ургамлыг ахуйн хүрээнд бэлдэж, төрөл бүрийн өвчин анагаадаг гэж итгүүлэн нууцаар зарж борлуулсаар байгаа нь одоо хүртэл түгээмэл байна” хэмээн онцолсон нь “АСД-2ф” эмийг малд биш, хүнд зориулан худалдсаар буйг илтгэнэ. 6-7 жилийн өмнө энэ эмийг “Хорт хавдар, элэг, ходоод зэрэг бүх төрлийн өвчинд сайн” гэсэн ам дамжсан ярианд үндэслэн иргэд ихээр хэрэглэж, тухайн үедээ нэг шилийг нь 100-150 мянган төгрөгөөр авч ууж байсан юм. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан ч дээрх байдал өнөөг хүртэл хэвээрээ.

ХҮНИЙ ЭМИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭЭГҮЙ БАЙХАД ИРГЭД УУСААР БАЙНА

Эрүүл мэндэд нэн сайн, хавдрыг ч эмчилдэг хэмээж буй “АСД” эмийг хэрэв хүн эмнэлэгт ашиглах бол Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хүний эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. Гэвч 1943 онд хойд хөршид үйлдвэрлэж эхэлсэн, 2013 оноос Монгол Улсад импортлон борлуулж буй дээрх эмийг Хүний эмийн бүртгэлд бүртгээгүйг ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албаны хүмүүс батлав. Харин ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эмийн бүртгэлийн 494, 495-д “АСД-3ф”, “АСД-2ф”-ийг ОХУ-ын “НВЦ агроветзащита” компанид үйлдвэрлэж, Монгол Улсад “Эй Би Би” ХХК импортолдог хэмээн бүртгэжээ. Уг эмийг малын бүхий л төрлийн эрхтэн системийн өвчлөлийн үед хэрэглэдэг, биоген буюу малын бэлдмэлээс гаргаж авдаг, хүн хэрэглэх ямар ч заалт байхгүй гэдгийг албаны хүмүүс бидэнд тайлбарласан юм. Дээрх эмийн үйлчлэл, хүний эрүүл мэндэд үнэхээр хэрэгтэй, эсэхийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхноос тодруулахыг хүссэн ч “Бид үүнд хариулт өгөх боломжгүй. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн эм зүйн багш нарт ханд” гэв. Гэвч тус тэнхимийн эрхлэгч нь ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм. Малын биш, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөндөж хандахад Мал эмнэлгийн сургуулийн багш нар ийнхүү цааргалж буй нь монгол хүний эрүүл мэндийг малаас дор үзлээ гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу.

“АСД-2ф”-ийн албан ёсны танилцуулгад эмийн үйлчилгээг нь “Тус бэлдмэлийг ясны нунтаг гурилаас гаргаж авдаг, дархлаа дэмждэг бүтээгдэхүүнд хамаарна. Биологийн идэвхийн хүрээ өндөртэй, эсийн болон хоол боловсруулах ферментийн идэвхийг дээшлүүлж, булчирхайн системийн үйл ажиллагааг сайжруулж, гэмтсэн эсийн нөхөн төлжилтийг хурдасгадаг, бүх насны амьтанд хэрэглэнэ. “АСД-2ф”-ийг таван хошуу мал болон нохойнд эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилготой, хоол боловсруулах замын өвчлөлийн үед, амьсгалын зам, арьсны гэмтэл, бодисын солилцооны өөрчлөлт, төв мэдрэлийн системийг дэмжих, дархлаа сайжруулах, өсгөх зорилгоор хэрэглэнэ” гэж бичсэн байгаа юм. Ийнхүү оросууд мал, амьтанд зориулсан хэмээн тайлбарласаар атал монголчууд бие биедээ “хавдарт маш сайн” гэж хэлэн, авч ууж буйг хэрхэн ойлгох вэ.

Бид “АСД” эмийг хүн ууж болох, эсэх, үр нөлөө нь үнэхээр өндөр байдаг, үгүйг лавшруулахын тулд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажилладаг нэг бус хүнд хандсан юм. Тэд “Олны дунд уг эмийг хавдарт сайн гэсэн яриа бий. Манай лабораторид малын эм хэмээн шинжлүүлж байсан. Малд зориулсан өндөр тунтай антибиотик шүү дээ. Тэгэхээр хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэж хэрэглэх нь зохисгүй” гэв.

“НАЙЗ МИНЬ НАЙМАН ШИЛИЙГ УУГААД ЗҮГЭЭР БОЛСОН”

ХСҮТ-ийн үүдээр аюулт өвчин туссан хүмүүс өөрсдөө юм уу, ар гэрийнхэн нь эргэлдэж, зарим нь эмчийн юу гэж хэлэхийг хүлээж, нөгөө хэсэг нь лам, бөөд хандаж, арга чарга хайн, гүрэм хийлгэхээр явдаг. Манай сурвалжлах багийнхныг дээрх эмнэлгийн үүдээр нэг бус удаа очиход мэс засалд орсон нэгнээ хүлээх, нарийвчилсан шинжилгээний хариугаа авахаар сэтгэл түгшин суух олон хүн таарсан. Тийнхүү суугаа хүмүүстэй ганц нэг хүн очиж уулзан, янз бүрийн эм, бэлдмэл танилцуулах юм. Нэг нь ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргаж, хэрэглээнд нэвтрүүлсэн “Давирхайтай тос”-ны танилцуулга тарааж, ганц нэгийг борлуулж байв.

Өөр нэг нь гадаадад үйлдвэрлэсэн тийм ч эм сайн, ийм ч бэлдмэл тустай хэмээн ярьж явна. Нарлаж суугаа хүмүүсийн дунд малд зориулсан дээрх “АСД-2ф” эмийг сайн гэнэ лээ хэмээн өгүүлэх нь цөөнгүй байлаа. Тэд “Нарантуул” захын урд талаар байдаг малын эмийн сангуудаар бор шилтэй, “АСД” гэж эм худалдаж байгаа. Гадуур буюу түрхэж хэрэглэдэг нь бор хүрэн өнгийн шошготой. Тэр нь үе мөч, шарх сорвинд сайн. Харин шаргал өнгийн шошготойг нь ууж хэрэглэдэг юм билээ. Хэдэн жилийн өмнө 150 мянгаар худалддаг байсан. Одоо бол 25 000 болж хямдарсан, уусан хүмүүс эрүүл боллоо, хавдар нь шимэгдлээ гэж ярьдаг юм. Уг нь малд зориулж хийсэн ч хүн хэрэглэж болдог. Жаахан эвгүй амттай юм гэнэ лээ” хэмээн ярилцаж суув.

Тэдний ярьсны дагуу “Нарантуул” захын урд үйл ажиллагаа явуулдаг, малын хэд хэдэн эмийн сангаар орлоо. Нэг нь “Манайх дууссан, хажуугийн эмийн сангуудаар зөндөө байгаа. Хавдарт сайн, элгэнд сайн гээд хүмүүс их авч уудаг. Үнэхээр сайн, эсэхийг нь хэлж мэдэхгүй” гэсэн бол дараагийнх нь эмийн сангийн жор баригч бүсгүй “Хүн ууж болдог, эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Малд л зориулсан эм шүү дээ. Малчид их авдаг. Турж эцэхээс нь сэргийлдэг, яр, шархыг нь амархан эмчилдэг гээд л авцгаадаг юм. Эмийн хайрцган дээрээ мал, гэрийн тэжээвэр амьтанд гэж зориулалтыг нь тодотгон бичсэн байхад хүний эрүүл мэндэд сайн гэдэг нь юу л бол. Би сургуулиа төгсөөд, ажилд ороод удаагүй болохоор сайн мэдэхгүй юм” гэв.

Тэгвэл “З…” компанийн малын эмийн сангийн ажилтан У-ээс хавдраар өвдсөн хүмүүс ууж болдог, эсэхийг тодруулахад “Энэ маш сайн эм шүү дээ. Би Төмөр замын эмнэлэгт ажилладаг байсан юм. Найз минь үүнээс найман шилийг уугаад манай эмнэлэгт шинжилгээ өгөхөд цоо эрүүл гарсан. Эхэлж байсан хавдар нь зүгээр болсон байна гэсэн. Би өөрөө ч ууж үзсэн. Их гашуун, эвгүй амттай. Хүмүүс “АСД”-ийг их авч хэрэглэдэг. Өөр нэг найзын минь аав тархины хавдартай гэж байсан юм. Үүнийг уугаад бас зүгээр болсон, одоо мотоциклоо унаад гэртээ тогтохгүй явдаг болсон гэж байна лээ” хэмээн ярив. Мөн “1940-өөд онд, Эх орны дайны жилүүдэд энэ эмийг малын эмч нар нээсэн юм гэнэ лээ. Тэгээд л малын эм гэж бүртгэсэн болохоос биш, хүний эрүүл мэндэд хэрэгтэй бэлдмэл” хэмээв.

ХУУЛИЙН ХИЙДЭЛ БАТАЛГААГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДЭВЭРГЭЖ БАЙНА

Хүнд хамгийн чухал зүйл эрүүл мэнд. Гэвч манайхан эрүүл мэндээ бодож байна хэмээн эмчийн заавар зөвлөгөөгүйгээр, Монгол Улсын хүний эмийн бүртгэлд ороогүй эм, биобэлдмэлийг ийм өвчинд сайн хэмээн ам дамжсан ярианд итгэн, дур мэдэн хэрэглэж байна. Үүний тод жишээ нь малд өгдөг “АСД-2ф”, “АСД-3ф” хэмээх эм, бэлдмэлийг хорт хавдарт сайн гээд ууж буй явдал. Аливаа эм, бэлдмэл ямар нэг гаж нөлөө үзүүлэх талтай. Малд зориулсан, ясны нунтаг гурилаас гаргаж авдаг уг эм, бэлдмэлийг хэрэглэж байх үед ямар нэг сөрөг нөлөө нь илрэхгүй ч гэлээ хэсэг хугацааны дараа хүний биед сөрөг нөлөө учруулж болзошгүйг МХЕГ, Эрүүл мэндийн үндэсний төв гээд мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна. Манай улсад дээрх эм, бэлдмэлийг хэрэглэснээр хүн үнэхээр эрүүл болсныг батлах лаборатори бараг л үгүй. Шүүх эмнэлгийн хүчин чадал нь ч үүнийг тогтоох боломжгүй. Хавдраар өвчилсөн хүнийг эмч нар төчнөөн сар, жилийн настай хэмээн ар гэрийнхэнд нь хэлж ойлгуулдаг. Тэр үедээ хавдарт сайн хэмээн олны дунд ярьж буй дээрх эм, бэлдмэлээс гадна ханаж, хатгадаг домчид хандах нь ч бий. Ийм байдлаар эм, бэлдмэл хэрэглэж, оточ, домчид хандсанаар нас нь, амьдрах хугацааг нь уртасгасан, эсвэл өвчнийх нь тархалтыг хурдасгаж, эмчийн хэлсэн хугацаанаас өмнө тэнгэрт хальсан тохиолдолд манайд өнөөдөр нарийвчлан шинжилж тогтоох боломж алга.

Түүний зэрэгцээ хууль нь хийдэлтэй учраас малын эмийг хүний биед сайн хэмээн худалдаж байгаа, хувь хүн, аж ахуйн нэгжийнхэнд хариуцлага хүлээлгэх ч боломж хомс гэдгийг хуульчид хэлж байна. Тухайлбал, УЕПГ-ын Сургалтын төвийн ахлах прокурор, хууль цаазын шадар зөвлөх, доктор (Ph.D) Б.Өнөрмаа “Хууль бол эрх зүйн хэм хэмжээний акт бөгөөд бүх нийтээрээ заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргасан дээд хүчин чадал бүхий баримт бичиг. Тиймээс хуулийн заалт хүн бүрт ойлгомжтой, тодорхой байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Жишээлбэл, Германы холбооны улсын нийтлэг журмын 42 дугаар зүйлд “Хууль хэл зүйн хувьд зөв, аль болох бүх хүнд ойлгогдохоор байх ёстой бөгөөд эрх зүйн хэм хэмжээг тодорхойлохдоо тухайн зохицуулах гэж буй харилцаанд хэрэглэгдэх хэм хэмжээ хэл зүйн хувьд яг тохирсон” байхыг шаарддаг.

Гэтэл манай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14-1 дэх хэсгийг ойлгомжгүй томьёолсон нь эм, бэлдмэлтэй холбоотой зүйл заалтыг зөрчсөн хүнд төдийлөн хариуцлага хүлээлгэж чадахааргүй байгаа. Уг зүйл, заалтад “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн бол…” гээд хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Гэтэл энд нэг бол субъект нь тодорхойгүй, эсвэл зөвхөн малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон зүйлийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн гэж ойлгох уу гэдэг нь тодорхойгүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэгт багтаж байгаа. Гэвч уг гэмт хэргийг халдлагын зүйлийн төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндэд хохирол учруулах, ноцтой үр дагаварт хүргэх зүйлүүд байна. Өөрөөр хэлбэл, малын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн, хугацаа дуусаагүй эмийг хорт хавдар эмчилдэг гэж итгэн авч хэрэглэж байгаа нэгэн, түүнийг зарж байгаа хүний үйлдэлд хууль зүйн талаас дүгнэлт хийх боломжгүй, цоорхой байгаа юм” гэлээ.

 

Холбоотой мэдээ

Хот руу оруулах нэг кг махнаас ч ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГ шаардана

Эх сурвалж: Өглөөний сонин 2020.10.13 Монголчууд өвлийн идшээ бэлтгэж эхэлж байгаатай холбоото

2020-10-14

Хүнс үйлдвэрлэгчдээс чанар нэхэж, хөнгөлөлт үзүүлье

2020-10-09 Өнөөдөр сонин Хүн 600 орчим төрлийн эрдэс бодисыг хоол хүнснээс авч байж бие махбод

2020-10-09

“Хорт хавдарт сайн” хэмээн малын эм борлуулдаг сүлжээ ажилласаар байна

Өнөөдөр сонин Малд зориулсан эмийг хүний эрүүл мэндэд маш сайн, хорт хавдар эдгээдэг хэмээн хуурч

2020-10-08

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.