Хэрэгжүүлдэггүй стандарт буюу хийн түлшний хэрэглээ

2020-09-17 54

Монголчууд 24 жилийн өмнөөс шингэрүүлсэн хийн түлш буюу газыг автомашинд, ахуйн зориулалтаар болон үйлдвэрлэлд ашиглаж иржээ. Гэтэл энэ нь одоо болтол бидэнд шинэ зүйл мэт санагдсаар, ялангуяа хадгалах, тээвэрлэх, хэрэглэхдээ аюулгүй ажиллагааг нь мөрдөж сурахгүй л байна. Үүнээс болж хийн түлш алдагдаж, гал гарсан, тэсэрч, дэлбэрсэн, хүмүүс түлэгдэж, нас барсан дуудлага жил ирэх тусам нэмэгдэх болов. Өчигдөр эзэнгүй айлд 220 граммын савлагаатай ахуйн хэрэгцээний хий дэлбэрч, хохирол учруулсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны 22б байрны долдугаар давхрын нэгэн айл ашигласан хийгээ салгалгүй, цахилгаан зуухан дээрээ орхижээ. Цахилгаан тасарсан тул тэд ийн хий ашигласан аж. Гэтэл гэрийн эздийн эзгүйд цахилгаан ирж, савтай хий халснаар дэлбэрчээ. Үүний улмаас байрны цонхнууд хагарсан ч азаар гэрт хүн байгаагүй тул аюул холуур өнгөрснийг албаныхан хэлсэн.

Шингэрүүлсэн шатдаг хийг газрын тос боловсруулах явцад гарган авдаг бөгөөд байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулах оновчтой арга төдийгүй эрчим хүчний хэмнэлттэй эх үүсвэр юм. Шатдаг хий нь өнгө, үнэргүй ч аюулыг нь хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс меркаптан, хүхэрт устөрөгч зэрэг үнэртүүлэгч бодис хольдог аж. Орчны температур нэмэгдэхэд хий хөөрч, буурахад эзлэхүүн нь багасдаг байна. Өөрөөр хэлбэл, хийг хэрэглэхдээ анхаарч, сэрэмжлэх олон санамж, заавар, дүрэм, цаашлаад хууль, стандарттай. Хэрэв аюулгүй ажиллагааг нь мөрдөхгүй бол гал түймэр байтугай сүйрэл дагуулна гэдгийг мэргэжлийнхэн анхааруулав.

Монголд 1996 онд “Мик газ” компанийнхан ахуйн хэрэгцээний хийг анх импортолсноос хойш эл зах зээл өдгөө хүрээгээ нэлээд тэлжээ. Улсын хэмжээнд 7-8 аж ахуйн нэгж шингэрүүлсэн түлшийг БНХАУ болон ОХУ-аас вагон цистернээр оруулж ирэн, савлаж, түгээдэг байна. Үүнээс гадна 220 граммын савлагаатайг нь импортолдог 4-5 компани бий аж. Амралт, зугаалгын үеэр болон цахилгаангүй үед манайхан хийн жижиг халаагуур өргөн хэрэглэдэг. Түүнд ашигладаг энэхүү 220 граммын хийн түлшний аюулгүй байдлыг ч төдийлөн хангаж чаддаггүй байна. Зуны халуунд газаа салгахгүйгээр халаагуурт байрлуулсан чигээр нь орхих, хошууг нь бохирдуулах, асаалттай үлдээх зэргээс болж хий алдагдан, гал түймэр гарах, дэлбэрэх үндэс болдог гэнэ.

Өнгөрсөн онд гэхэд хий алдагдсаны улмаас дөрвөн удаа гал гарч, гурван удаа дэлбэрэлт болжээ. Үүний уршгаар нэг хүн нас барж, гурван хүн түлэгдсэнийг нийслэлийн Онцгой байдлын газрынхны судалгаанд дурджээ. Хийн түлшний аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн осол, гэмтэл сүүлийн хоёр жилд өмнөх онуудынхаас олон бүртгэгдсэнийг графикаас хараарай. Нэг жишээ сонирхуулъя. Иргэн А шөнийн цагаар баллон нь хий алдаж буйг мэдмэгцээ хаахаар очиж. Гэтэл хүзүүвч буюу бариул нь байгаагүй гэнэ. Түүнийг хайх гэж гэрлээ асаагаад, дэлбэрснийг албаныхан эш татсан. Учир нь тухайн иргэн шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байр, сууц, объектыг гэрэлтүүлэх болон бусад зорилгоор шүдэнз, асаагуур асаах, гэрлийн унтраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл холбож болохгүйг мэдэггүйгээс эрүүл мэндээрээ хохирсон байна.

Манай улсад хийн түлшний хэрэглээ, хяналт, хадгалах, тээвэрлэх, ашиглах үед мөрддөг дүрэм, журам, хууль, эрх зүйн орчин нь дээр өгүүлсэнчлэн хангалттай бүрджээ. Засгийн газраас хийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд олон ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэхдээ зарим дүрэм, журам нь шаардлага хангахгүй, Монголын хөрсөнд буухгүйгээс хийг хэрэглээнд өргөн нэвтрүүлж чаддаггүй. Тодруулбал, Хий хангамж, барилгын норм ба дүрэмд зааснаар орон сууцын зориулалттай, хоёроос дээш давхар барилгад баллон байрлуулахыг хориглодог. Гэтэл олонх нь үүнийг хоёроос дээш давхарт биш л бол суурийн хэсэгт ч хийн түлш ашиглаж болно гэж ойлгодгоос мэргэжлийн байгууллагынхантай зөрчилддөг байна.

Хуучны хэдэн барилгуудыг эс тооцвол Улаанбаатар хотын орон сууцууд хамгийн цөөндөө таван давхар өндөр. Тэгэхээр орон сууцын айл өрхүүд эрчим хүчээ хэмнэж, хийн түлш ашиглах нь дээрх стандартаар хязгаарлагдаж буй юм. Гэхдээ иргэд үүнийг үл тоодог. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн осол, дэлбэрэлт болохгүй л бол нууцаар баллонтой хийн түлш ашигладгаа иргэн Б хэлэв. Тэрбээр “Хоёроос олон давхар орон сууцад баллон байрлуулж болохгүй гэнэ. Мэргэжлийн байгууллагынхнаас яах ёстойг асуухаар байрныхаа гадна буюу тагтан дээр баллоноо байрлуулж болно. Ингэхдээ зохих шаардлагыг ханга гэсэн. Нар тусдаггүй, давхар хаалттай, дулаан алддаггүй байх ёстой гэх жишээтэй. Монголын цаг уурын нөхцөл ямар билээ. Зун хэт халдаг, өвөлдөө маш хүйтэн. Хийн түлш 20 градусын хүйтэнд ууршиж, шатдаггүй, эзлэхүүн нь багасдаг. Тэгэхээр тагтан дээр баллон байрлуулахад хүндрэлтэй” гэсэн юм.

Хотын төвийн орон сууцуудын нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах нь элбэг. Олонход нь цайны, зоогийн газар, ресторан, паб ажиллуулдаг. Судалгаанаас үзвэл баллонтой газ хэрэглэгчийн дийлэнхийг эдгээр газар эзэлжээ. Мэргэжлийн хяналтынхан холбогдох хууль, журам зөрчсөн газруудад шаардлага хүргүүлж, удаа дараа гаргасныг нь торгодог ч баллонуудыг орон сууцаас гаргаж хүчирдэггүй гэсэн. Нийслэлд 10 мянга гаруй зоогийн газар үйл ажиллагаа явуулдгаас бүгд шахам хийн түлшний хэрэглээтэй. Ханган нийлүүлэгчид нь айл өрх, албан байгууллагуудад хийн түлш түгээхдээ аюулгүй ажиллагаагаа тэр бүр мөрддөггүйг иргэд шүүмжилсэн. Дийлэнх нь хий шахсан баллонуудаа ачааны жижигхэн машинаар ил задгай тээвэрлэн, түгээдэг аж. Газ цэнэглэдэг суурин газрууд нь ч гэр хороолол, орон сууц, хотхонуудтай хаяа, бөөр нийлсэн нь олонтоо. Хэрэв аль нэг газар нь хий алдаж, дэлбэрвэл олон хүн аюулд өртөхөд ойрхон байгааг эрх баригчид анхаараасай.

Нөгөөтээгүүр, гэр хорооллынхны хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилт лөөлөө болжээ. Учир нь гэр хорооллын айл өрхүүдийн цөөнгүй нь монгол гэрт амьдардаг. Байшинд аж төрдөг нь ч хийн баллоныг ил галаас тав, халах хэрэгслээс 1-1.5 метр зайтай байрлуулах стандарт мөрдөх боломжгүй. БНСУ, Британи зэрэг улс хийн хоолойн нэгдсэн систем байгуулж, орон сууцын айлуудыг “тэжээгч” баллонуудыг гудамжинд нь байрлуулахаар шийдсэн байдаг. Харин манайд сүүлийн үеийн барилга, объектууд нь хүртэл хий ашиглах зориулалтгүй, тийм хоолойгүй учраас оршин суугчид, аж ахуй эрхлэгчид хүссэн газраа баллон байрлуулдгаас гал түймэр, дэлбэрэлт цөөнгүй гардаг гэнэ.

Монголд, олон улсад ч хийн түлшний аюулгүй ажиллагааг ханган нийлүүлэгч, хэрэглэгч өөрөө хариуцдаг юм байна. Ханган нийлүүлэгчид үйлчлүүлэгчдийнхээ захиалгаар тухайн барилга, обеъктод хийн тоног төхөөрөмж холбохоосоо өмнө баллоныг аюулгүй байрлуулах схем зурж, түүнийхээ дагуу шийдэх ёстой аж. Үүний дараа харилцагч нартаа хэрэглэгчийн дэвтэр нээж, түлш цэнэглэх бүртээ тухайн иргэн, аж ахуйн нэгжийн хийн тоног төхөөрөмж, холболтын аюулгүй байдлыг давхар шалгах үүрэгтэй. Тодруулбал, ханган нийлүүлэгчид дотоод хяналтаараа хэрэглэгчийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, хангуулах үүрэг хүлээнэ.

Иргэдийн хийн хэрэглээтэй холбоотой заавал мэдэх нэг чухал зүйл нь баллоны баталгаажилт. Баллон нь хий хадгалах даралтат сав бөгөөд нэг см талбай дахь эзлэхүүнийг 16 кг хүчээр дарах чадалтай. Гэхдээ хугацаа нь дуусдагийг иргэд бараг мэддэггүй. Ялангуяа орон нутагт ашиглалтын хугацаа нь дууссан даралтат савыг өргөн хэрэглэдэг гэнэ. Тухайн савыг үйлдвэрлэсэн улсаас хамаарч 4-8 жил ашигладаг. Хяналтыг ч өндөр түвшинд тавих ёстой аж. МХЕГ-ынхан хэрэглэгчдийн баллоны ашиглалтын хугацааг нэгбүрчлэн шалгахаас илүүтэй ханган нийлүүлэгчдийн оруулж ирдэг бүтээгдэхүүнд хяналт тавих нь илүү үр дүнтэй гэж үздэг.

Баллонтой түлш хэрэглэдэг, цаашид ашиглахаар төлөвлөж буй бол харагдах байдлаас нь эхэлж шалгаарай. Даралтат савны талбайн гуравны нэгээс их хэмжээгээр будаг нь халцарсан, хонхойж, гэмтсэн, тэгш гадаргууд тавихад суурь нь ганхаж байвал ашиглахаас татгалзаарай. Мөн хүзүүвч, бариул байгаа, эсэхийг хараарай. Энэ хэсэгт үйлдвэрлэсэн он, сар, ашиглалтын дуусах хугацаа, хувийн дугаар, улсын нэр, даралтын хувь зэргийг бичдэг. Иргэд эдгээр зүйлийг шалгаад сурчихвал осол, гэмтэл буурахыг албаныхан хэлсэн. Хэрэв даралтат савны “хүзүүнд” ямар нэгэн бичиггүй бол хуурамч гэсэн үг.