Гудамжинд “ургасан” самар, жимс хүнсний аюулгүй байдлын бодит хэмжүүр

2020-08-28 1062

Үндэсний шуудан сонин

2020.08.27

Б.НЯМДОРЖ

Дулааны улиралд нийслэлийн гудамж, талбайд ил задгай жимс, хүнсний ногоо, хушны самар худалдаалах нь түгээмэл. Өмнө нь захуудын ойролцоо зардаг байсан бол одоо автобусны буудал, гудамжны өнцөг бүрт худалддаг болсон гэхэд хилсдэхгүй. Жимс, хүнсний ногооны хадгалалтын горим, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд иргэдэд анхааруулсаар байдаг ч бид хэрэглэсээр ирсэн. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 6.3.-т зааснаар харьяа дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай, хүнсний болон барааны худалдаа эрхлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Үүнд жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдааг зарахыг хориглодог. Журамдаа ингэж заасан байтал энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа юм.

ИЛ ХУДАЛДАА ДААМЖИРЛАА

МУБИС-ийн баруун талын автобусны буудлын дэргэдэх жимсний лангуунд алим, жүрж, улаан лооль, усан үзмийг сагсанд хийж өрөөд, дээгүүр нь төрөл бүрийн резинэн чихэр уутлан, дээр дээрээс нь уяж, унжуулжээ. Резинэн чихрийн уут халтартан, ам нь сунасныг харвал хэчнээн удаж байгааг илтгэнэ. Энд жимснээс гадна 25 кг-ын будааны ууттай цайруулсан самар тавьсан байв. “Үнэ нь хэд вэ, хэзээ, хаанаас ирсэн бэ” гэж асуухад худалдагч самраа цөмөх зуураа “Жижиг сэнжтэй аяга нь 2000, 500 граммын шилтэй нь 5000 төгрөг, өглөө шинээр ирсэн. Яг хаанаас ирснийг нь мэдэхгүй. Бид хувь хүнээс авч борлуулдаг. Ямар ч байсан Монголд л ургасан самар” гэж хариулав. Энэ үеэр бага насны хүүхдээ дагуулсан эмэгтэй жижиг аягатай самрыг авч, торонд хийн самраасаа хэдийг гартаа атгаад,цааш цөмөн явсан юм. Олон хүний хөл холхисон, автомашины яндангийн утаа, шороо тоос шингэсэн энэ самар, жимс биед нь яаж нөлөөлөхийг хүн бүр мэддэг байгаасай. Харин нүхэн гарцын урд, хоёр уут самар зарж буй эрэгтэй, эмэгтэйгээс мөн л үнэ, бусад зүйлийг асуухад “Жижиг аягатай нь 2500, шилтэй нь 5000 төгрөг. Өглөө шинээр ирсэн самар. Чөмөг томтой, хар хүрэн сайхан самар байгааг харж байгаа биз дээ. Энэ жилийн самар хаа очиж чөмөг томтой юм. Хүний гар дамжаагүй, бид өөрсдөө Санзайн уулнаас түүсэн” гэв. Энэ хавиар зарагдаж байгаа самрын үнэ 500 төгрөгийн зөрүүтэй байгаа ч нэг нь хүнээс авсан, нөгөө нь өөрсдөө түүснээрээ ялгаатай юм. Иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд хуш модны самрыг зохих эрхийн бичгийн хүрээнд бэлтгэж ашиглах ёстой. Байгалийн нөөц ашигласны төлбөрийг холбогдох хууль дүрмийн дагуу төлнө. Эдгээр зарж байгаа самар болц нь гүйцээгүй, түүх зөвшөөрөл олгоогүй байхад хууль бусаар зарж, борлуулж байгаа юм. Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь есдүгээр сарын 10- наас эхэлдэг. Өмнө нь аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан ч иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар ийнхүү 35 хоногоор урагш сунгасан байдаг. Самрыг шинжилгээ судалгааны зориулалтаар 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээгээр нэг кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлөх ёстой. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авснаар түүх боломжтой аж. Гэтэл самрын болц гүйцээгүйн дээр нэг кг самрын зөвшөөрөл 500 төгрөг байхад,гар дээр зарж байгаа самрын 500 грамм нь 5000 төгрөг байх жишээтэй.

САМАР ТҮҮХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ БАЙНА

Энэ жил найман аймгийн 25 сумын ойн санд хуш модны самар их ургацтай, 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсийн ойн сан дунд ургацтай байна. Ойн тухайн хуульд 38.5.д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж заажээ. Энэ жил хушин ой бүхий газруудын 38,7 хувь нь сайн, 60,3 хувь нь дунд ургацтай гэж гарсан бөгөөд их ургацын эхний жил тохиож байгаа юм. Одоогоор манай улсын хуш ойн 40 хувь нь доройтолд оржээ. Хуш мод 40- 50 настайдаа анхныхаа самрыг өгдөг байна. Өндөр, налуу газар ургадаг учраас хүмүүс нэгдүгээрт, аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах ёстой. Самар түүх хугацаа болоогүй байхад модоо хурц иртэй төмрөөр цохих нь модыг гэмтээж, үхжүүлэх эрсдэл гарч байна. Тийм учраас зөөлөвч, жийргэвч хийж модоо тоншихыг мэргэжлийн байгууллагынхан зөвлөж байна лээ. Болц гүйцээгүй үед самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог аж. ЦЕГ-ын харьяа Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, хошууч П.Нэмэхбаатар “Самарны болц гүйцээгүй үед самар түүж эхэлсэн. Төрийн захиргааны төв байгууллагын олгосон эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу самрыг бэлтгэх шаардлагатай. Хэрвээ самрыг түүхдээ зөвшөөрөл аваагүй тохиолдолд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны журмын эсрэг гэмт хэргийн 24.8.1-т “Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн нэн ховор ургамлыг түүний эд эрхтэн үрийг түүж бэлтгэсэн тохиолдолд 5400-27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл зорчих эрхийг 1-5 жилийн хугацаагаар хасах, цаашлаад 1-5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгаа. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хугацаанд зөвшөөрлөөр самрыг болц гүйцсэн үед нь түүж бэлтгээрэй” гэдгийг анхааруулсан юм.

ХЯНАЛТ ХИЙЖ ЯВАХААР ЗУГТДАГ

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг “Самар түүхэд 30 хувийг түүгээд, 70 хувийг үлдээдэг зохистой хэмжээ байдаг. Энэ нь ойдоо сэргэн ургах процессыг бий болгох, тухайн самраар хооллодог амьтдад үлдээх, модоо гэмтээхгүй байх зорилготой. Болц гүйцээгүй байхад самрыг хатуу биетээр зохиж унагах нь модыг үхжүүлэх, ой модоо үгүй хийж байна. Наймдугаар сарын 10-наас хойш 60 гаруй кг самрыг хураан авч, 1.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Ихэвчлэн жижиг шуудайгаар зарж байгаа болохоор хяналт, шалгалт хийгээд явахад, биднийг харангуутаа зугтдаг. Хяналт шалгалт үргэлжилж байгаа” гэсэн юм. Болц гүйцээгүй, хууль бус, бохир аргаар түүж гар дээрээс худалдаалж байгаа самар, жимс жимсгэнэ худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас байнга анхааруулдаг. Гэвч иргэд өөрсдөө худалдаж авсаар байгаа нь хэргийн хамаг учир, гол дутагдал болж байна.

ГУДАМЖНЫ САНДАЛ, АРСЛАНТАЙ ГҮҮРЭН ДЭЭР ХҮРТЭЛЭЭ АЛИМ ЗАРНА

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын урд, түшлэгтэй сандал дээр дөрвөн ууттай, улаан шар өнгийн дундын хэмжээтэй алим тавьжээ. “Ховдын Булганаас ирсэн, дөнгөж сая зоориноос гаргасан шинэ алим. Нэг кг нь 5000 төгрөг” гэсэн юм. Энэ үеэр хоёр залуу ирлээ. Нэг нь алим аван жинлүүр дээр тавихад худалдагч “700 төгрөг болж байна” гэж хэлэхэд мөнгөө өгөн, авсан алимаа арчихгүй, идсээр цааш явсан юм. Хажуугаар өнгөрсөн нэгэн хүнээс асуухад“Ил худалдаалж байгаа жимс, хүнсний ногоо эрүүл ахуйн шаардлага хангахгүй нян, бактераар бохирдсон байгаа. Үүнийг хүмүүс яагаад боддоггүй юм бол оо. Бүр угааж, цэвэрлэлгүй, хүүхдэдээ өгөхийг нь яана” гэж санаа зовонгуй хэлэв. Баянзүрх худалдааны төв рүү явах замд Арслантай гүүрний цементэн хашлага дээр ууттай алим зарж байлаа. Мөн л Ховд аймгийн Булган сумын алим гэнэ. Гүүрэн дээр хүртэл алим зарж байгааг харвал ил худалдаа газар авч байгааг бэлхнээ харуулна. Ховдын Булганы алим гэх нь ч эргэлзээтэй. Харин Баянзүрх худалдааны төв рүү ороход хэд ил худалдаа энд тэнд дэлгэгдсэн байгаа нь харагдлаа. Тэд хүнсний ногоо, жимс ч гэлтгүй, ганга өвс, нохойн хошуу, маск, оймс зэрэг зарж болох бүх зүйлийг холин дэлгэжээ. Энд бусдаас ялгаатай нэг зүйл байгаа нь хуурсан самар байв. Хуураагүй самартайгаа адил үнэтэй гэнэ.Цааш явбал нэгэн настай эмэгтэй урдаа шаргал өнгийн хуванцар хувинтай мойл жимс тавьж суусан байв.“Өглөө Сэлэнгээс ирсэн шинэ мойл шүү. Кг нь 8000 төгрөг” гэж чанга дуугаар зарлан, сууна.Лавшруулаад “Аль сумаас ирсэн бэ” гэвэл, “Мэдэхгүй ээ, хүн өгсөн” гэв. Автобусны буудлын дэргэд 10 орчим насны охин урдаа хоёр ууттай самар тавьжээ. Ил задгай худалдаа эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байгаа нь нүдэнд илт. Авах хүнд гартаа нэг удаагийн гялгар уут, бээлий углахгүй, шууд хутгаж өгч байх юм. Энэ мэт болц болоогүй самар зарахаас эхлээд бусад ил худалдааны дүр төрх харагдана.

САМРААС ГАДНА ИЛ ЗАРЖ БУЙ ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАДГАЛАЛТ, ЭРҮҮЛ АХУЙГ АНХААРЪЯ

2017 онд Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчимд гар дээрээс ил задгай жимс хүнсний ногоо худалдаалж буй иргэд жимс, ногоогоо “City toilet”нийтийн бие засах газарт хадгалж, худалдаалдаг зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын явцад эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалж байсан 19 нэр төрлийн хүнсний ногоо жимс, жимсгэнийг хураан авч улсын байцаагчийн актаар устгуулахаар устгалын комисст шилжүүлж, устгуулж байв. Мөн энэ сарын 19- нд Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах “Алтжин” худалдааны төвийн 1557 тоот лангуунд шавжтай хасарваань жимс борлуулж байна гэсэн гомдол, мэдээлэл ирсэн байна. Энэ гомдлын дагуу тухайн иргэний үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар худалдан борлуулж буй хасарваань жимс болон сав баглаа боодол нь хортон шавьжаар бохирдсон байв. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж, хураан авч устгалд оруулсан байна.

Холбоотой мэдээ

Шинэтгэлийг ШИНЭ МЭДЛЭГ ЧАДВАРААР

Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрх

2020-11-25

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. -Өргөн хэрэглээ

2020-11-06

Тэд сандарч, бид назгайрч байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр 14.18 цагт очиход иргэдийн халууныг хэмжихгүй, гараа ариу

2020-11-05

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.