Сургууль, цэцэрлэгүүдийн анги, танхимыг ариутгаж, тусгаарлах өрөө бэлджээ

2020-08-28 1026

Сургууль, цэцэрлэгүүдийн анги, танхимыг ариутгаж, тусгаарлах өрөө бэлджээ

-Сурагчид өдөрт гурван цаг танхимд хичээллэх нь-

Ширээ тус бүрт нэг хүүхэд суухаар зохицуулжээ

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ үед сургууль, цэцэрлэгүүд “Ковид- 19”- өөс сэргийлэх ариутгал, халдварг үйтгэлийг хэрхэн хийж, анги, танхим, сургалтын үйл ажиллагаагаа яаж зохицуулж буйг сурвалжиллаа. Бидний очсон эхний газар бол Чингэлтэй дүүрэг дэх 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэг. Энэ хоёр байгууллага нэг байшинд үйл ажиллагаа явуулдаг аж. Сургуулийн урд талын газрыг тойруулан “Орохыг хориглоно”, “Нурах аюултай” гэсэн анхааруулга өлг өжээ. Энэ нь анхаарал татав. Барилгын суурь хэсгийн далан үерийн усанд идэгдэн, бетонон хана нь эвдэрсэн байна.

Спорт хувцастай хэдэн эмэгтэй шалыг гялалзтал зүлгэж байлаа. Тэд биднийг анзаармагцаа “Хүүе, нэгдүгээр давхар луу буугаарай, халуун хэмжинэ, нэр бүртгэнэ шүү” гэж сандран хэлэв. Сургуулийн үүдээр ороход хүн байгаагүй тул хоёрдугаар давхарт гарсан нь буруудсан бололтой. Ингээд халуунаа хэмжүүлж, бүртгүүлээд “нэвтрэх эрх” авлаа.

Сургууль, цэцэрлэгийн барилгыг 2015 онд барьж, 2016-2017 оны хичээлийн жилээс ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн долдугаар сарын эхээр орсон борооны улмаас барилгын суурь үерт угаагдсан байна. Ийм нөхцөлд сургалт явуулж болох, эсэхийг сургуулийн захирал Г.Бадамцэцэгээс тодруулахад “Үерийн улмаас хөрсний гулгалт үүсэж, хана нурсан. Нурсан ханыг мэргэжлийн хяналтын болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхны дүгнэлтийн дагуу засаж, сэлбэх зураг, төсвийг гаргасан. Үүнийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар батлуулна гэсэн. Бид аюулгүй байдлаа хангаж, байнга хараа хяналттай ажиллах ёстой. Хэдийгээр хана нурсан ч сууринд нь өөрчлөлт ороогүй учраас үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байгаа” гэв. Олон арван жилийн “настай” барилгатай харьцуулахад “залуухан” хэрнээ борооны ая даагаагүй нь чанараар хэр байгааг илтгэнэ.

Нийслэлийн 50 дугаар сургууль сурагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. 2020.08.27

Энэ сургуульд Чингэлтэй дүүргийн XII хорооны Булагийн 19-22 дугаар гудамжинд амьдардаг 420 хүүхэд суралцдаг юм байна. Бага сургууль учраас сурагчид нь тавдугаар ангиа төгсөөд хамран сургах тойргийн дагуу 61 дүгээр сургуульд шилждэг аж. Шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 70 хүүхэд элсэх гэнэ. Багш нар нь “Ковид-19”-өөс сэргийлэх сургалтад хамрагдаж буй учир захирал болон үйлчлэгчид энэ өдөр ажиллаж байв. Нэг танхимд 15-25 сурагч хичээллүүлэх журмын дагуу нэг ангийн хүүхдүүдийг хоёр хэсэгт хувааж, хуваарь гаргажээ. Анги бүрт аюулгүйн гарц гаргасан бөгөөд хичээл тарсны дараа хүүхдүүд түүгээр гарах гэнэ. Харин сургуулийн төв хаалгаар хүүхдүүдийг оруулж, халууныг нь нэгбүрчлэн хэмжих юм байна. Сурагчдын найман хувь нь багш, ажилтнуудын хүүхэд гэнэ. Ажиллах нөхцөлөөр хангахын тулд ийм зохицуулалт хийжээ.

220 дугаар цэцэрлэг анги, танхимын хүрэлцээнээс шалтгаалан шинээр хүүхэд бүртгээгүй аж

Тус сургуулийнхан дуу, хөгжмийн танхимаа тусгаарлах өрөө болгон тохижуулсан байлаа. Сургуулийн эмч ариутгах бодис болон бусад хэрэгтэй зүйлийг авахаар худалдааны төв рүү явсан гэж захирал нь хэлэв. Ирэх даваа гараг гэхэд бүх зүйлийг жин тан болгож, хүүхдүүдээ хүлээн авах аж.

Сургуулийн хонгил, ханыг өнгө өнгийн зургаар гоёсон нь цэцэрлэг мэт санагдана. Бага ангийнхан сурдаг учраас тэдний сонирхлыг татахын тулд ийн тохижуулжээ. Урт хонгилд хэдэн ширээ, сандал харагдав. Эцэг, эхчүүд хүүхдээ цагт нь ирж авахгүй тохиолдол цөөнгүй тул тэнд хичээлээ хийнгээ, асран хамгаалагчаа хүлээх боломжтой юм байна. Ариутгалын компанийнхан тус сургуулийг зориулалтын бодисоор өчигдөр (уржигдар) халдваргүйжүүлжээ. Их цэвэрлэгээ хийсний дараа ангид ширээ, сандлыг 1.5 метрийн зайтай тавьж байрлуулах гэнэ.

Тус сургуультай залгаа орших 220 дугаар цэцэрлэгт өнгөрсөн онд 324 хүүхэд хамрагдаж байжээ. Энэ жил хоёр настай хүүхэд сургахгүй учир нийт 294-ийг бүртгэсэн гэнэ. Танхимын хүрэлцээнээс шалтгаалж шинээр хүүхэд бүртгээгүй гэсэн. Гэхдээ хамран сургах тойргийнхоо 3-5 насны бүх хүүхдийг хамруулжээ. Эрхлэгч Я.Энхтуяа “Манай цэцэрлэгийн бүх багш, ажилтан цар тахлын үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамрагдсан. Эрсдэлтэй энэ үед ариутгал, халдваргүйтгэл нэн чухал. Өчигдөр (уржигдар) анги, танхимаа ариутгасан. Ням гарагт дахин ариутгаад хүүхдүүдээ хүлээж авна. 37.1 хэмээс дээш халуунтай хүүхдийг нэвтрүүлэхгүй” гэв. Багачууд цэцэрлэгт ирэхдээ амны хаалт зүүх бол өрөө танхим дотор хэрэглэхгүй байж болох нь. Ахлах бүлгийн багш Ө.Өнөрцэцэг тус цэцэрлэгт гурав дахь жилдээ ажиллаж буй. Тэрбээр “Хүүхдүүд гэртээ удаан “хоригдоод” уйдсан нь лавтай. Бид ч тэднийгээ санаж, есдүгээр сарын 1-нийг догдлон хүлээж байна. Манай ангид 35 хүүхэд бүртгэлтэй учир цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд хоёр хэсэгт хуваасан. Ангид хүүхдүүдийг зайтай суулгаж, гарыг нь угаалгаж, тоглоомыг нь ариутгах гээд нэлээд ажилтай болох нь” гэв.

Өндөрлөг газарт барьсан, Чингэлтэй дүүргийн 138 дугаар сургуулийн суурь хэсэг үерийн усанд идэгдэж, хана нь нуржээ

Энэ өдөр тус сургууль, цэцэрлэгт хүн цөөн, эл хуль байсан бол Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд хөл гишгэх зайгүй шахам байв. Өөр хэдэн сургуулийн багш нар хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрхэн хийх сургалтад хамрагдаж байгаа нь энэ. БШУ-ы сайдын А17 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулиуд долоо хоногийн гурван өдөрт нь танхимаар хичээллэх болсон. Ингэхдээ өдөрт гурван орчим цаг л хичээллэх гэнэ. Уг тушаалд аль хичээлийг хэдэн цаг оруулахыг заажээ. Тухайлбал, I-V ангид монгол хэл, математик, дунд ангид үүн дээр нэмээд байгалийн ухааны хичээлүүд үзэх гэнэ. Харин ахлах ангийнхан монгол хэл, математик болон сонгон суралцах хичээл үзэх аж. Сайдын тушаалд үндэслэн багш нарын ачааллыг тэнцвэржүүлж, хуваарилж буй талаар тус сургуулийн сургалтын менежер Э.Гантуяа хэлэв. Тэрбээр “Багш нар долоо хоногт 40 цаг ажилладаг. Хичээл заах цаг нь 19 цаг. Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл бататгах хичээл үзнэ. Теле хичээлээр үзсэнийг нь бататгах юм. Хүүхдүүд аль хичээлээ ойлгоогүйг багш нар ажиглан, судалж, дүгнэнэ. Гэхдээ сурагчдыг сайн, муу гэж ялгах бус, ямар хичээлийг дутуу ойлгосныг тодорхойлж, түүндээ түшиглэн сургалт явуулна” гэж ярив.

Тус сургуулийн хамт олон бэлтгэл ажлаа хангаж дуусжээ. Сурагчдыг аль гарагт танхимаар хичээллүүлэхийг сургуулийн захиргаа нь шийдсэн аж. Өөрөөр хэлбэл, сургууль бүр анги танхимынхаа хүрэлцээнд тохируулан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ сургуулийн тухайд V-XII ангийнхан даваа, лхагва, баасан гарагт хичээллэх гэнэ. Нэг ангид дунджаар 40 орчим хүүхэд суралцдаг тул хоёр бүлэгт хуваажээ. Нэг бүлэг нь 08.00-11.00, нөгөө нь 11.30-15.00 цаг хүртэл хичээллэх аж. Харин бага ангийнхан мягмар, пүрэв гарагт мөн цагуудад, даваа, лхагва гарагт дэд бүлэг нь хуваагдан хичээллэх юм байна. 50 дугаар сургууль 2387 сурагчтай аж. Хүүхдүүдийн гарах, орох чиглэлийг давхцуулахгүйн тулд тэмдэг, тэмдэглэгээ хийсэн байна лээ. Мөн урлагийн танхимын хажууд тусгаарлах өрөө бэлдсэн байв. Нэг ширээнд нэг л хүүхэд суух юм байна. Ширээ тус бүрийг дугаарлах учир өөр газарт суух боломжгүй гэв. Эхний нэг сар теле хичээлийг давтах юм байна. Аравдугаар сарын 1-нээс шинэ хичээл заахаар төлөвлөжээ. Энэ мэтээр УОК-оос гаргасан журам, БШУ-ы сайдын тушаалын дагуу ажиллахад эрсдэл гарах нь бага гэж үзэж буйгаа багш, ажилтнууд хэлсэн.

Холбоотой мэдээ

Шинэтгэлийг ШИНЭ МЭДЛЭГ ЧАДВАРААР

Төрийн албаны зөвлөл энэ оны 5 дугаар сараас эхлэн цахим гарын авлага гаргаж, цаг үеийн хүндрэл бэрх

2020-11-25

Л.Жаргалсайхан: Монголд цианитын хууль бус хэрэглээ байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа. -Өргөн хэрэглээ

2020-11-06

Тэд сандарч, бид назгайрч байна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр 14.18 цагт очиход иргэдийн халууныг хэмжихгүй, гараа ариу

2020-11-05

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.