Т.Төмөрбаатар: Зөвхөн хилийн боомт дээр гэхэд коронавирусийн сэжигтэй 100 тохиолдлыг манайхан илрүүлсэн

2020-02-20 146

-АЖЛЫН ӨДӨР-

Өндөржүүлсэн бэлэн байдалд тусгай үүрэг хүлээсэн албан хаагчид хэрхэн ажиллаж буйг сурвалжлах хүсэлдээ хөтлөгдөн МХЕГ-ыг зорив. Халуун цэг бүрт хүрч, нууцлагдмал далд бүхнийг нээхээр шохоорхдог хэвлэлийнхнийг ойлгодог хэвлэлийн төлөөлөгч бүсгүй бидний ажилд тусалж Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатартай холбож өгснөөр түүний ажлын өдрийг сурвалжиллаа.

ЗАМЫН-ҮҮДЭЭР НООС АЧСАН ГУРВАН МАШИН, ГАШУУНСУХАЙТ БООМТООР ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН 33 МАШИН ОРЖ, ГАРЧЭЭ

Хоёрдугаар сарын 18.
08:40: Яарсаар хаалгыг нь таттал өрөөндөө байсангүй. “Төмөрбаатар байцаагч ирээгүй юм уу” хэмээн өрөөнийхнөөс нь сураглавал “Хуралд орсон” гэв. Ажилдаа ирэхэд нь уулзах “болзоо тогтоосон” ч 10 минут хожигдсон намайг хүлээлгүй ажил нь эхэлжээ.

09:50: Сурвалжилгын баатар маань өрөөндөө ирлээ. МХЕГ-ын Тамгын газрын даргын өрөөнд хуралд дуудагдаж, Эрүүл мэндийн хэлтсийн дарга, Хөдөө аж ахуйн хэлтсийн даргатай хамт маргаашийн хэвлэлийн бага хурлаа ямар сэдвээр хийх талаар ярилцаж, тохирсон гэнэ.
09:00: Боомтуудаас мэдээгээ авч эхлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн чухал ажил аж. Т.Төмөрбаатар байцаагч боомтуудын мэдээг нэгтгэн холбогдох байгууллагуудад илгээх үүрэгтэй. Монгол Улсын хэмжээнд хилийн байнгын ажиллагаатай 26 боомт бий. Тэнд Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын 485 улсын байцаагч, 33 ариутгагч ажиллаж, улсын хилээр хүний хөл хориот өвчин, малын гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээн, барааны аюулгүй байдалд хяналт тавьж, хоногийн 24 цаг ажиллаж буй аж. Т.Төмөрбаатар байцаагчид ирсэн мэдээллээр энэ өдөр улсын хилээр 496 тээврийн хэрэгсэл, 2052 зорчигч орж иржээ. БНХАУ-тай хиллэдэг 13 боомтоос Хавирга, Баянхошуу, Бургастай, Даян, Байтаг, Сүмбэрийн боомтыг түр хаасан байгаа бол Бичигт, Булган, Ханги, Шивээхүрэнгээр гадагш, дотогт чиглэсэн ямар нэг хөдөлгөөнгүй хоносон гэнэ. Харин Замын-Үүдээр ноос ачсан гурван машин, Гашуунсухайт боомтоор зэсийн баяжмалын 33 машин орж, гарчээ. Мөн “Оюутолгой” компанийн ачаа гэж мэдүүлсэн 25 машин орж, 27 гарчээ. Эл өдөр Буянт-Ухаа боомтод хилээр орж ирсэн зургаан зорчигчийг түр тусгаарлаж, гүнзгийрүүлсэн эрүүл мэндийн хяналт хийгээд, ХӨСҮТ-тэй зөвшилцөн, 14 хоногийн хугацаанд өрхийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн байна. Тусгай хэрэгцээний энэ мэдээллийг дэргэдээс нь харах сонирхолтой бөгөөд “Монгол Улс нүдтэй, юуг ч алдалгүй харах чадвартай” гэдэгт итгэх итгэл төрж суув.

Энэ тухайгаа хэлэхэд тэр “Өвчин гарсан, гараагүй манайх байнгын бэлэн байдалд байдаг. Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд хил дамжих халдвараас сэргийлнэ, зөрчилтэй бараа оруулж ирэхийг завдвал илрүүлж, устгах, буцаах гэх мэтээр байнга сонор сэрэмжтэй ажилладаг онцлогтой. Өмнөд хөршид гарсан коронавирусийн шинэ төрлийн халдвараас болоод бид нэгдүгээр сарын 6-наас эхлээд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан” гэв.
Засгийн газрын холбогдох тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Энэ хүрээнд МХЕГ өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлын уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор Шуурхай штаб байгуулжээ. Т.Төмөрбаатар байцаагч  тэр штабын гишүүн. Тэрбээр “Миний утас 24 цаг нээлттэй байдаг. Шөнө дунд, үүрээр, хэзээ ч, юу ч болж болно шүү дээ. 04.00 цагт Буянт-Ухаа боомтод халдварын шинжтэй хүн бууж болно, түүнийг манай хилийн мэргэжлийн хяналтынхан хамгийн түрүүнд үзэж, үнэлж, нааш нь мэдээлнэ. Түүнийг нь би холбогдох албаныханд дамжуулна. МХЕГ-ын даргын 192 дугаар тушаалын дагуу ХӨСҮТ рүү мэдээлж, энэ хүнийг авах, эсэхийг нь ярилцдаг. Эрсдлийн түргэвчилсэн үнэлгээг Буянт-Ухаа боомтынхоо байцаагчтай хамтарч хийнэ. 14 хоног хаана байсан, голомттой бүс нутгаар явж уу, хаанаас ирсэн, өвчтэй, халдвартай хүнтэй ойрхон байсан уу гэх мэтийн асуумж авдаг.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд манай улсад 100 сэжигтэй тохиолдол илрүүлж, халдвар, хамгааллын ажил хийсэн. Тэднийг бүгдийг нь манай Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан илрүүлж, анх нүүр тулан, эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийсэн. Хил нэвтрэн орж ирж байгаа хүн, бараа бүтээгдэхүүнд хамгийн анхны хяналтыг хийдэг хүмүүс нь мэргэжлийн хяналтын байцаагчид шүү дээ. Тэр тусмаа халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед өвчлөл гарсан бүс нутгаас ирж буй зорчигчдын халууныг үзэж, 14 өвчний шинж тэмдэг, 15 асуулттай эрүүл мэндийн хуудас бөглүүлэх гэх мэтээр хяналт, тандалт хийх үүрэг манайханд ногддог. Ингээд 37.1 хэмээс дээш халуурсан, эрүүл мэндийн хуудсаа өвчний тодорхой шинж тэмдэг илэрсэн гэж дугуйлсан хүмүүсийг сэжигтэй гэж үзээд эрүүл мэндийн байгууллагад шилжүүлдэг” хэмээн ажлынхаа завсарт хуучлав.
11:00: Мэдээгээ нэгтгэж, холбогдох байгууллагууд руу явуулж дуусав. Тэрбээр өглөө босонгуутаа буюу 07:00 цагт  мэдээгээ өгч эхэлдэг аж. Гэрээс гарахаасаа өмнө Замын-Үүд, Гашуун сухайт боомтын мэдээг Шуурхай штабынхаа дундын групп руу оруулаад гарсан гэнэ.
11:10: “Би Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын байцаагч гэдэг утгаараа зорчигчийн эрүүл мэндээс гадна хилээр орж ирж буй барааны аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй. Монгол Улсад шинээр орж ирж буй зарим бараа, тусгай зөвшөөрөл авах гэж буй архи, тамхины дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, урьдчилсан хяналтын дүгнэлт олгодог. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой их ажлын хажуугаар бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын ажлаа амжуулахгүй бол ажил овоороод байна” гэсээр вордын файл нээв. Шинээр орж ирж буй нэгэн бүтээгдэхүүний дүгнэлтийг бичиж эхлэв бололтой.
11:30: Утас дуугарав. ҮАБЗ-ийн референт Мөнхжаргал ярьжээ. Нэгдүгээр сарын 27-нд орж ирсэн гурван хүний хоёр нь халуунтай байна, тэр хүмүүс хэдний өдөр аль боомтоор орж ирсэн, тухайн үед хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн хуудсаа яаж бөглөсөн, өвчний шинж тэмдэгтэй байсан, эсэх, хэдэн хүнтэй хамт ирсэн, ойрын хавьтлууд нь ямар хүмүүс байна гэх мэтийн мэдээллийг шүүж, тодруулах хэрэгтэй байна гэжээ. Т.Төмөрбаатар байцаагч Буянт-Ухаа боомт руу холбогдож, хэрэгтэй мэдээллүүдийг тодруулан холбогдох байгууллагууд руу илгээв. Ингэж шүүж, мэдээлэх тохиолдол өдөрт хэд хэд гардаг гэнэ. Тэрбээр хариуцсан чиглэлийнхээ мэдээллийг ХӨСҮТ, ҮАБЗ, Улсын онцгой комисс, ОБЕГ, Шадар сайдын ажлын алба, МХЕГ-ын удирдлага зэрэг 20 орчим хүнд өгч, салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажилладаг аж.
13.30: Коронавирусийн халдварын эрсдлийн үнэлгээ хийх ажилд оролцохоор ХӨСҮТ рүү явах болов. Холбогдох мэргэжлийн байгууллагууд өмнө нь дөрвөн удаа эрсдлийн үнэлгээ хийсэн бөгөөд энэ удаа тав дахь хамтарсан үнэлгээгээ хийж буй аж.
14:00: Эрсдлийн үнэлгээ хийхэд олон байгууллагын төлөөлөл оролцож, нууцтай холбогдож мэдэх асуудал ярих учраас хэвлэлийнхнийг оруулахгүй гэснээр ХӨСҮТ-ийн үүднээс сурвалжилгын гол баатраасаа салав. Энэ ажил нь хэзээ дуусахыг мэдэхгүй тул маргааш дахин уулзахаар боллоо.

ХАЛДВАРЫН БҮС НУТГААС ИРСЭН ГЭЖ ХУДЛАА ЯРЬСАН ТОХИОЛДОЛ ХЭД ХЭД ГАРЧЭЭ

Хоёрдугаар сарын 19:
Энэ өдөр бид Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын ачаа тээврийн терминалиудад мэргэжлийн хяналтынхан хэрхэн ажиллаж, халдвараас урьчилан сэргийлэх, хамгаалах ажил хийж буйг сурвалжлахаар тохирсон юм.
10:00: МХЕГ-аас ээлжит хэвлэлийн хурлаа хийхэд сурвалжилгын баатар маань мэдээлэл хийх үүрэг хүлээжээ. “COVID-19-ийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс нэгдүгээр сарын 6-наас өндөржүүлсэн байдалд хяналт тандалт, ариутгал халдваргүйтгэлийг хийн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Буянт-Ухаа боомтоор орох чиглэлд 187 агаарын хөлөг, 26 246 зорчигч, авто болон төмөр замын боомтуудаар орох чиглэлд 28 118 тээврийн хэрэгсэл, 96 402 зорчигч хил нэвтрэх үед хяналт тандалт хийж, шинэ коронавирүсийн сэжигтэй 100 тохиолдлыг илрүүлэн, ХӨСҮТ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Халдварын сэжигтэй 15 зорчигчийг (БНХАУ болон ОХУ-ын иргэд) буцаасан.
Улсын онцгой комиссын хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу БНХАУ-ын өвчлөл бүхий бүс нутгаас тахианы мах, өндөг, тахианы тэжээл импортлохыг хориглож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Улсын хилээр нэвтэрч буй ачаа тээшинд ариутгал хийж байгаа бөгөөд энэ сарын 13-наас хойш 1475 чингэлэг, 61 вагонд халдваргүйтгэл хийж нэвтрүүлээд байна” хэмээсэн мэдээллийн дараа хэвлэлийнхэн түүнийг бүчиж, асуултаар булав. Мэргэжил нэгтнүүд маань Цагаан сарын өдрүүдэд гаргах сэдвийн мэдээгээ бэлтгэхээр түүнийг “онилжээ”. Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн гэх мэт сэдвээр лав л хагас цаг гаруй сэтгүүлчдэд байцаагдсан.
12:00: “Чингис хаан” олон улсын нисэх буудалд очив. Өмнөд хөршөөс ирэх болон тийшээ явах олон улсын нислэгийг зогсоосон учир нисэх буудал эл хуль. Т.Төмөрбаатар Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныханд халдварын үед хэрхэн аюулгүй байдлаа хангаж ажиллах, өөрсдийгөө хамгаалах талаар зөвлөгөө, заавар өгөв.
Мөн “Зорчигчийн хөдөлгөөн, нүүрс тээврийг хаасан, БНХАУ-ын ирж, очих нислэг, олон улсын галт тэргийг зогсоосон учраас БНХАУ-д зорчиж явсан иргэд БНСУ, Японоор дамжиж ирж байна. Тиймээс олон улсын нислэгүүдэд гол анхаарал хандуулж ажиллаарай. Ирэх сарын 2-ноос хойш хилээ нээвэл эрсдэл нэмэгдэнэ. Тэгэхээр хяналтаа улам чангатгах хэрэгтэй” хэмээн сануулж байгаа дуулдсан.
13:00: Түүнийг яаралтай хуралд дуудсан тул онгоц буух үед хилийн мэргэжлийн хяналтынхан хэрхэн ажиллаж буй, төмөр замын ачаа тээврийн терминалд яаж халдваргүйтгэл хийж байгааг сурвалжлах төлөвлөгөө бүтсэнгүй. Харин Буянт-Ухаагаас хотын төв орох замдаа хэдэн минут хөөрөлдөж амжсан.

-Сэжигтэй тохиолдлуудын талаарх мэдээллийг танайх бүгдийг өгсөн байна шүү дээ. Ажил үүргийн хуваарь чинь тийм юм байна. Эрүүл мэндийн байгууллагаас түрүүлж мэргэжлийн хяналтынхан мэдээг нь авдаг гэж бодож байсангүй?
-Шадар сайдын 08 дугаар тушаалаар хүний гоц халдварт өвчин гарсан үед толгойлж ажиллах байгууллага нь Эрүүл мэндийн яам байдаг. Тэр хүрээнд тэндээс чиглэлээ авч байгаа. Бидний гол зорилго бол хил дээр илрүүлэх, зөв хариу арга хэмжээ авах, мэдээгээ шуурхай өгөх.

-Сэжигтэй тохиолдолтой хамгийн түрүүнд нүүр тулж, анхны хэмжилт, асуумжийг авдаг хүмүүс нь мэргэжлийн хяналтынхан юм байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлынхны хамгаалалтын хувцас хэрэгслийн талаар л яриад байхаас мэргэжлийн хяналтынхны хамгаалалтын хувцас хэрэгсэл гэж ярьж байхыг сонсоогүй юм байна. Хамгаалалтын хувцас хэрэгсэл хангалттай байдаг уу?
-Зарим тоног төхөөрөмж хуучирсан, шинэчлэх шаардлагатай, хувцас хэрэгсэл ч тийм сайнгүй. Тиймээс Засгийн газрын тогтоолоор 1.2 тэрбум төгрөг шийдүүлсэн. Энэ мөнгөөр боомтуудад ажилладаг байцаагч нараа хувийн хамгаалах хэрэгсэл, маск, комбинзон, гутал, үзлэг, шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангахаар болсонд баяртай байгаа. Манайхны ашиглаж буй суурин термокамер (зорчигчийн халууныг алсын зайнаас хэмждэг багаж)-ыг хамгийн сүүлд 2013 онд шинэчлэгдсэн. Одоо тэр нь хуучирч, алдаатай заадаг болоод байгаа учир шинээр 13-ыг авахаар захиалсан. Нийт арваад нэр төрлийн хэрэгслийн хангалт хийгдэж, түрүүчээсээ боомтуудад хүргэгдсэн.
Үнэнийг хэлэхэд хилийн боомтуудад ажиллаж буй байцаагч нар өөрсдийнхөө эрүүл мэнд, эрсдлийг тоохгүй л халуун шугаманд ажиллаж байгаа шүү дээ. Манайхан чинь анагаахын сургууль төгссөн, эмч мэргэжилтэй голдуу хүмүүс байдаг. Өргөсөн тангарагтаа үнэнч гээд л явна шүү дээ. Хоёрдугаарт, төрийн албан хаагч учраас Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг бид биелүүлэх л ёстой. Үүрэг өгсөн бол гүйцэтгэнэ. Тиймээс элдэв зовлон бэрхшээл тоочилгүй ажилладаг. Хил дээр ажиллаж буй байцаагчид халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй. Уханий эмнэлгийн дарга нь өөрөө халдвар аваад нас барчихлаа шүү дээ. Тийм эрсдэл хаа сайгүй байгаа. Тиймээс хамгаалах хувцас хэрэгслээ зөв өмсөж, тайлахаас эхлээд ариутгал, халдваргүйжүүлэлтээ зөв хийх гээд анхаарах зүйл олон байгаа. Байцаагч нарынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь байгууллагын үүрэг. Бид энэ талаар цахим сургалт хийсэн. Зарим боомтод чацаргана өгөх гэх мэт арга хэмжээ авч байгаа.
Мэргэжлийн хяналтын байгууллагад хүрэхгүй, оролцохгүй салбар байхгүй хэрнээ хүн хүч хангалттай биш. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Шилэн хяналтын цахим системд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нийт 183 318 шалгуулагч этгээд буюу 151 013 аж ахуйн нэгж, байгууллага, 32 305 иргэний 218 598 объект бүртгэлтэй байсан. Үүнд  1400 орчим байцаагч 24 чиглэлээр хяналт тавьдаг. Эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлд 77 079 шалгуулагч байхад орон нутагт 60 орчим, нийслэлд 60 орчим байцаагчтай.
Яг одоогийн нөхцөлд хилийн боомтод ажиллаж байгаа байцаагчийн тоо цөөн байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Гашуунсухайт боомтод л гэхэд хоёр жирэмсэн эмэгтэй ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс нөхцөл байдал хүндэрвэл дараагийн ээлжийн байцаагч нарыг ажиллуулах, тухайлбал, Замын-Үүдэд Улаанбаатараас, Гашуунсухайтад Өмнөговиос байцаагч татаж ажиллуулах хуваарь батлагдсан.

-Мэргэжлийн хяналтын байцаагчид ажлаа хийж байгаад эрсдэлд өртөх тохиолдол байдаг уу?
-Байлгүй яах вэ. Хэл амаар доромжлуулах бол энүүхэнд. Шаардлага хангахгүй барааг нь хураах, устгах үед сайхан хандах хүн байхгүй. Ер нь шалгуулж, алдаа дутагдлаа илчлүүлж байгаа хэн л бидэнд дуртай байх вэ дээ.

-Нээрэн, халдварын бүс нутгаас ирсэн гэж худлаа ярих тохиолдол нэмэгдэж байгаа гэсэн. Ямар зорилгоор тэгж худлаа ярьдаг юм бол?
-Худлаа мэдээлэл өгсөн тохиолдол хэд хэд гарсан нь үнэн. Саяхан ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн “Шивээхүрэн боомтоор 12-нд орж ирсэн, 4-нд орж ирсэн” гэх мэтийн зөрүүтэй зүйл хэлсэн. Түүнийг нь тодруулж, 1300 хүний мэдээлэл шүүхэд худлаа ярьсан нь тогтоогдож байгаа юм.
Цаг үе ороо бусгаа болохоор тийм зүйл гарах нь олширдог шиг байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг вирусийн халдвараас хамгаалж, иргэдээ татаж авахад тэдний дунд олон жил эх орондоо ирээгүй, хятадад байсан, бичиг баримтын зөрчилтэй, хил дамнаад, удаан хугацаанд гадаадаар явсан хүн цөөнгүй орж ирсэн. Тэдэн дунд янз янзын хүн бий. Зөвхөн коронавирусийн төдийгүй өөр шинжилгээнүүд хийхэд бэлгийн замын болон өөр халдварт өвчтэй хүмүүс оношлогдож байгаа. Үүн дээр бид анализ хийж, цагдаа, тагнуул, хил хамгаалах байгууллага, ИНЕГ-тай хамтарч ажилласан. Ер нь өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд төрийн бүх байгууллага сайн хамтарч ажиллаж байгаа.

-Уханиас 31 оюутан авч ирэхэд мэргэжлийн хяналтынхан оролцсон уу?
-Бүрэлдэхүүнд нь орж яваагүй, харин ирэхэд байлцсан. Хүний эрүүл мэндтэй холбоотой аюулгүй байдлыг хангах Код-9 гэдэг дүрэм байдаг. Түүний дагуу ажилласан. Дараа нь хамгаалах хувцасны хангалт, тусгаарлах өрөөний зохион байгуулалт зэрэгт бэлэн байдлыг хангахад чиглэл өгч ажилласан.

-Та МХЕГ-т хэдэн жил ажиллаж байна вэ?
1999 оноос гэхээр 21 жил юм байна. 1999 онд Эрүүл мэндийн хяналтын албанд ажиллаж байгаад 2000-2001 онд Буянт-Ухаа боомтод нэг жил ажилласан. 2001 оноос Эрүүл мэндийн хяналтын албандаа тасгийн даргаар ажилласан. 2003 онд салбарын яамдын харьяанд байсан хяналтын албадыг нэгтгэж, МХЕГ-ыг байгуулахад нь Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ирсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл Хилийн мэргэжлийн хяналтын албандаа ажиллаж байна. Нэг мэдсэн хүмүүс намайг “хилийн Төмөрөө” гэдэг болчихсон, би ч тэр нэрэндээ дуртай болчихсон юм уу, хаашаа юм.
2003 онд SARS, 2009 онд H1N1-ийн үеэр мөн л энэ ажлаа хийж байсан. Халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээний овоо туршлагатай болоод байна.

Холбоотой мэдээ

Л.Төгсбаяр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх ёстой

ӨГЛӨӨНИЙ СОНИН. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ

2020-04-22

Б.Уянга: Хамгийн эхний “шүүлтүүр” учраас бидэнд сэрэмж алдах эрх байхгүй

Ардчилал таймс сонин Монгол Улс цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавируст халдвартай “нүүр т

2020-03-25

Б.Жаргал: 10 гаруй цаг агаар нэвтрэхгүй хувцастай байх амаргүй ч бид ажлаа л хийж яваа хүмүүс

Монголчуудын амьдрал сонин Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад

2020-03-19

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.