ТОХИРЛЫН БАТАЛГААНД ЗААВАЛ ХАМРАГДАХ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

2020-07-01 1431

ТОХИРЛЫН БАТАЛГААНД ЗААВАЛ ХАМРАГДАХ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

 

2020.02.06

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 онд батлагдсан ба тус хуулийн 13.2-д “Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна” гэж заасан.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2018 оны 291 тогтоолоор “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг монгол улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг тус тус шинэчлэн баталсан.

            Хууль тогтоомжид дээр дурдсан өөрчлөлт орсонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүнийг импортлох үеийн хяналтын хуудас”-ыг шинээр батлуулан хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.

Иймд импортлогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-д орсон

  • хүнсний биш давс (БТКУС код 25.01),
  • будаг, лак (БТКУС код 32.08, 32.09, 32.10),
  • олиф (БТКУС код 32.11),
  • гадаргуу заслын бэлдмэл (БТКУС код 32.14),
  • гадаргуугийн идэвхит бэлдмэл (БТКУС код 34.01, 34.02),
  • лав (БТКУС код 34.04),
  • цавуу (БТКУС код 35.05, 35.06),
  • холбогч бэлдмэл (БТКУС код 38.24),
  • давирхай, полиуретан (БТКУС код 39.09),
  • дуу болон дулаан тусгаарлах материал (БТКУС код 68.06),
  • озон задалдаг болон орлуулагч бодис агуулсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж (БТКУС код 84.18),
  • харилцаа холбооны тоног төхөөрөмж (БТКУС код 85.17, 85.25, 85.26, 85.27, 85.28)

 зэрэг бүтээгдэхүүнийг импортлохдоо “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн импортлох үеийн хяналтын хуудас”-д заасан шаардлагыг биелүүлэхээс гадна дор дурдсан баримт бичигтэйгээр хилээр нэвтрүүлнэ. Үүнд:

  • Монгол Улсын Стандарт хэмжилзүйн газар болон итгэмжлэгдсэн,томилогдсон байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээ, лабораторийн сорилтын дүн,
  • Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, хэлэлцээрт нэгдсэн гишүүн орнуудын итгэмжлэгдсэн, томилогдсон тохирлын үнэлгээний байгууллагаас олгосон тохирлын гэрчилгээ (нийлүүлэгчийн мэдэгдэл, аюулгүйн тэмдэг), лабораторийн сорилтын дүн.

Монгол Улс нь дараах олон улсын хамтын ажиллагааны байгууллагын жинхэнэ гишүүн болж холбогдох гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон. Үүнд:

  • Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-д 2007 онд,
  • Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ILAC MRA)-т 2012, 2016 онд,
  • Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон талт хүлээн зөвшөөрөх гэрээ (IAF MLA)-нд 2018 онд,
  • Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC)-д 2004 онд
  • Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (APLAC MRA)-т 2012, 2016 онд,
  • Номхон далайн бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-д 2009 онд
  • Олон талт хүлээн зөвшөөрөх гэрээ (PAC MLA)-д 2017 онд.

Мөн “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 1.7-д “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээтэй, мөн хүчин төгөлдөр аюулгүйн тэмдэгтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тохирлын үнэлгээнд давтан хамруулахгүй , мөн журмын 3.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулсны дараа зах зээлд нийлүүлэх буюу улсын хилээр нэвтрүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд гишүүн орнуудын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын үр дүнг хүлээж зөвшөөрч, тохирлын гэрчилгээ (нийлүүлэгчийн мэдэгдэл, аюулгүйн тэмдэг), сорилтын дүнг үндэслэн хилээр нэвтрүүлэх ба лабораторийн сорилт шинжилгээнд давтан хамруулахгүй.

Импортлогч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тохирлын гэрчилгээ (нийлүүлэгчийн мэдэгдэл, аюулгүйн тэмдэг), сорилтын дүнг тухайн улсын эрх бүхий байгууллагаас итгэмжлэгдсэн, томилогдсон байгууллага олгосон эсэх, аюулгүйн үзүүлэлтүүдийг шинжлүүлсэн эсэх, аюулгүйн үзүүлэлтүүд нь үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тус тус анхаарах нь зүйтэй.

 

ЭКСПОРТ, ИМПОРТ, ХИЛИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Холбоотой мэдээ

© 2023 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.