Ухань хотоос ирсэн тусгай үүргийн онгоцыг КОД 9 зарчмын дагуу тусгай хамгаалалтын ариун цэврийн талбайд буулгалаа

2020-02-01 20

Шинэ төрлийн коронавирүсийн голомттой бүс буюу БНХАУ-ын Ухань хотод сурч байсан оюутнууд өнөөдөр эх орондоо ирлээ. Тусгай үүргийн онгоцыг Улаанбаатараас нисэх, эргэн газардах бүхий л цаг үед МХЕГ болон Буянт-Ухаа боомт дахь ХМХА, чиг үүргийн бусад байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав. Тусгай үүргийн онгоц 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23:00 цагт Ухань хот руу нисэж, өнөөдөр өглөөний 10:19 минутад Улаанбаатарт газардсан. Агаарын хөлгийг КОД 9 зарчмын дагуу тусгай хамгаалалтын ариун цэврийн талбайд буулгаж, нийт зорчигчдын эрүүл мэндийн талаар нислэгийн багаас мэдээ авч, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг хийж, халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу халдвартай /улаан/, завсрын /шар/, халдваргүй /ногоон/ бүсүүдийг тогтоон, үзлэг хяналт шалгалтыг зохион байгуулав. МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 31 зорчигч болон нислэгийн экипажийн бүрэлдэхүүн, тандалт хийсэн эмч нар зэрэг нийт дөч гаруй хүнийг хүлээн авахад МХЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу Буянт-Ухаа боомт дахь ХМХА-аас эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын /ахлах/ байцаагч, ариутгалын мэргэжилтнээс бүрдсэн 10 орчим хүнтэй баг хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Ухань хотоос ирсэн 31 зорчигчийг хоёр автобусанд маск зүүлгэн эрэмблэн суулгаж, ЗӨСҮТ-ээр ачаа тээш болон автобусыг халдваргүйжүүлж, цагдаагийн байгууллагын хамгаалалт дор ХӨСҮТ-д шилжүүллээ. Экипажийн бүрэлдэхүүнийг онгоцоос буух үед улаан бүсэд хувийн хамгаалах хувцсыг дэглэмийн дагуу тайлуулж, хоолой, ам, гарыг ариутган, завсрын бүсэд хувцсыг нь өмсүүлж, тусгайлан бэлтгэсэн жижиг тэргээр ХӨСҮТ-д шилжүүлэв. Мөн хамтран ажилласан хил хамгаалахын болон техникийн ажилчид, ХӨСҮТ-д шилжүүлэх үйл ажиллагаанд оролцсон багийн бүрэлдэхүүнд халдвараас сэргийлэх дэглэмийг сахих талаар зөвлөмж өгч, хувийн хамгаалах хэрэгслээр ханган ажиллав.
Дээрх үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйгээр хангах зорилгоор МХЕГ-ын удирдлага, холбогдох хяналтын газруудаас газар дээр нь ажилласан ба Шадар сайдын 08 тоот тушаалын дагуу салбар хоорондын байгууллагууд харилцаа холбоогоо нягт уялдуулан, шуурхай ажилласан юм.

Холбоотой мэдээ

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлав

Өчигдөр буюу 2020.03.01-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн

2020-03-02

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ОМ-702, ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 31 сэжигтэй тохиолдлыг илрүүлэн, хариу арга хэмжээ авлаа

Өнөөдөр өглөөний (2020.02.27) 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БН

2020-02-27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хили

2020-02-20

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.