Улсын онцгой комиссын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж байна

2020-03-22 47

Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр, ЦЕГ-ын дэд хурандаа О.Чингисболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж байна.


Энэ сарын 11-ний өдрийн УОК-ын шийдвэрийн дагуу эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт ачаалал ихтэй ажиллаж байна. Зөвхөн 03 сарын 19, 20-ны өдөр л гэхэд 250 орчим иргэн нэвтэрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тэдгээр иргэдийн эрүүл мэндийн байдалд тандалт хийн, биеийн халуун болон эрүүл мэндийн хяналтын хуудсаар асуумж авч эрэмблэн Дархан-Уул, Орхон аймаг руу шилжүүлэн тусгаарлаж байна.

ОХУ-д манай улсын 2500 орчим оюутан суралцдаг. Мөн 03-р сарын 22-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тусгаарлах байрны хүртээмжтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагаануурын боомтоор 03-р сарын 23-ны 20 цагаас хойш, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор энэ сарын 28-ны өдрийн 06 цагаас хойш иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор цаашид Алтанбулаг боомтоор нэвтрэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.


Монгол улс, ОХУ харилцан тохиролцож хилээр нэвтрэх иргэдийг тээврийн хэрэгслээр бус явганаар хилийн зурвасыг нэвтрүүлж байгаа. Сэлэнгэ аймагт найман тусгаарлалтын байр байгаа ба эхний ээлжийн 81 хүн тусгаарлалтын байраас гарч, одоогоор 196 хүн тусгаарлалтад байна. Өдөр бүр хилээр нэвтэрч байгаа иргэдийг нэг байранд хольж байрлуулах боломжгүй учраас шинээр ирсэн иргэдийг Дархан-Уул, Орхон аймагт шилжүүлэх буюу тараан байрлуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Өнөөдөр буюу 03 сарын сарын 22-ны 05:00 цагт эхний ээлжийн 44 иргэнийг Орхон аймаг дахь тусгаарлах байранд шилжүүлэв. Тийм учраас тус ажлын хэсэг Дархан-Уул болон Орхон аймаг дахь тусгаарлах байруудын нөхцөл байдалтай танилцан мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Харин Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар 5 тусгаарлах байр ажиллаж байгаа ба их сургуулийн дотуур байр болон хүүхдийн тасгийг тусгаарлалтын байр болгон ашиглах боломж байгаа тухай тус аймгийн засаг дарга Насанбат ярив. Яг одоогийн байдлаар Дархан-Уул аймагт 135 иргэн ажиглан тусгаарлалт болон эмчлэн тусгаарлалтад байна.
Орхон аймагт Алтанбулаг боомтоос шилжүүлсэн 44, тусгаарлалтын хугацаа дуусаагүй 5, нийт 49 иргэн тусгаарлалтад байгаа юм.

Ажлын хэсэг тус аймгуудад ажиллахдаа цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хязгаарлах хугацаа 04-р сарын 30-ны өдрийг хүртэл сунгагдсантай холбоотойгоор хүүхдүүдийг ахуйн осол гэмтлээс хамгаалах, тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах болон бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, гал түймрээс сэргийлэх зэрэгт анхаарлаа хандуулж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов. Түүнчлэн оюутан залуус ихээр ирж буй учир тусгаарлах байрны дэглэм алдагдахаас сэргийлэх, сахилга батыг чанд сахиж ажиллахыг анхааруулав. Мөн энэ цаг үед үүрэг гүйцэтгэж буй хүн нэг бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг захин “Бид нэг хүн шиг нэгдэн ажиллаж байж энэ цаг үеийг даван гарна” гээд амжилт хүсэж, урам өглөө.
Яг одоо тус ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Улсын онцгой комиссын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж байна

Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга х

2020-03-22

Богино долгионы радио станц бэлэглэлээ

“Сүмбэр коммодитиз”  компани нийгмийн хариуцлагын хүрээнд МХЕГ-т 17 ширхэг богино долгионы радио ста

2020-03-04

83,9 мянган тээврийн хэрэгсэл, 305 мянган зорчигч нэвтэрчээ

Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу 03.03-ны өглөөний 06:0

2020-03-04

© 2020 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.