United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

1800-1286

yos zui bichigtei

           Их эзэн Чингис хааны 1206 онд байгуулсан ИХ Монгол Улсын нэгдсэн төрийн үеэс Богд хаант Монгол Улсын үе хүртэлх хугацаанд бичигдсэн Их засаг хууль, Юань улсын нэвтэрхий толь, Алтан хааны цаазын бичиг, Монгол-Ойрадын хууль, Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг зэрэг хууль цаазны хосгүй өв дурсгалд энэрэл хүндэтгэл, хорио цээр, сургаал номнол, сүсэг бишрэлд тулгуурласан төрт ёсны хяналтыг хуульчлан тогтоож мөрдөн ирсэн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Хожим Ардын засаг тогтсноор 1921 онд Засгийн газрын дэргэд Хянан байцаах хэлтэс байгуулагдсан нь хяналтын бие даасан нэгж, албад үүсэж өдгөөгийн зохион байгуулалтанд орох эхлэл болсон юм.

Мэргэжлийн хяналтын ууган байгууллага нь 1930 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Санхүүгийн хянан байцаах газар бөгөөд үүсэл хөгжлийн хувьд хоёрдогч томоохон хяналт нь 1933 онд Бактери судлалын төв нэртэйгээр байгуулагдсан эрүүл ахйн мэргэжлийн хяналт юм. 1940 онд Улсын ариун цэврийн хяналтын алба, 1965 онд Эм шалгах төв лаборатори, 1992 онд Эмчилгээний чанарын хяналтын албыг тус тус байгуулах зэргээр эрүүл мэндийн мэргэжлийн хяналтыг өргөтгөн хөгжүүлсэн байна.

Улсын мэргэжлийн хяналтад хамрах хүрээ, ажил үүргийн далайцаар томоохонд ордог дэд бүтцийн хяналтын түүхий хуудас 1942 онд Тээврийн яамны харъяанд “Ачаа тээврийн шалган бүртгэх товчоо”-г анх байгуулснаар эхэлж, 1956 онд Барилгын зураг төлөвлөлт эрхлэх газрын дэргэд Барилгын байцаан шалгах газар, 1965 онд Тээвэр холбооны яамны дэргэд Радио харилцааг хянан шалгах улсын байнгын комиссыг тус тус байгуулжээ.

Үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр, хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн хөдөө аж ахуйн салбарын хяналтын үндэс суурь 1937 онд Мал эмнэлгийн хяналтын албыг байгуулснаар эхлэн тавигдаж улмаар 1958 онд Ургамал хамгаалал, хорио цээрийн шалган байцаах анги, 1977 онд Мал үржлийн хяналтын алба, 1988 онд Таримал ургамлын үрийн хяналтын албыг тус тус байгуулсан юм.

Хилийн мэргэжлийн хяналтын хувьд эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын алба 1959 онд, Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын алба 1964 онд, Мал эмнэлгийн хяналтын алба 1978 онд, Стандарт чанарын хяналтын алба 1992 онд тус тус байгуулагдаж бие даасан зохион байгуулалтад орсон түүхэн замналтай.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1968 онд Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газар байгуулагдахад бүтцэд нь Ой, агнуурын хэргийг шалган байцаах газар бий болгосон нь ой, ан агнуурын хууль тогтоомжийн хэрэгжилтэд төрийн захиргааны мэргэжлийн хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллагын анхны нэгж байжээ. 1987 онд Байгаль орчныг хамгаалах яамны бүтцэд Байгаль орчны хяналтын газар байгуулж яам, газруудад байсан газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, хий мандалын агаарын хяналтын бүх нэгж, байцаагчдыг нэгтгэн зохион байгуулж, улмаар 1990 онд Байгаль орчны шалган байцаах газар, 1992 онд Байгаль орчны төрийн хяналтын газар болон өргөжин хөгжиж иржээ.

Хүний хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хүлээсэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт анх 1970 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороонд Шалган зааварлах тасаг нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1977 онд Хөдөлмөрийн улсын байцаан шалгах газар, 1991 оноос Хөдөлмөрийн хяналтын газар болон өргөжсөн байна.

1982 онд Худалдаа бэлтгэлийн яамны бүтцэд “Худалдааны байцаан шалгах газар”-ыг анхлан байгуулж улмаар 1992 оноос Худалдаа үйлдвэрийн улсын хянан байцаах газар болгон өргөжүүлсэн нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүнсний хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв.

Мэргэжлийн хяналтын системд нэлээд хожуу байгуулагдсан алба бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналт бөгөөд анх 1986 онд Хянан байцаах хэлтэс нэртэйгээр байгуулагдаад 1991 оноос Боловсролын мэргэжлийн хяналтын алба, 1995 оноос Боловсролын улсын хяналтын алба болон өргөжижи Үндсэн хуульд заасан бүх нийтээр боловсрол эзэмших эрхийг баталгаатай эдлүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ.

Засгийн газрын тогтоолоор 1996 онд аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Мэргэжлийн хяналтын алба байгуулсан ьн өнөөгийн энэхүү тогтолцооны үндэс суурь болсон гэж үздэг. Орон нутагт мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх төрөлжсөн алба байгуулсан нь тухайн үедээ нийгмийн захиалга, хэрэглэгчийн эхр ашигт нийцсэн оновчтой шийдвэр байсныг өнөөгийн хяналтын нэгдсэн тогтолцоо харуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 58 дугаар тогтоол, Засгийн газрын мөн оны “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” 162 дугаар тогтоолоор олон яам, газар харъяалагдаж янз бүрийн бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байсан хяналтын 13 алба, нэгжийг нэгтгэн Улсын мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харъяанд байгуулснаар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болсон юм.

2008 онд УИХ-ын шийдвэрээр “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо,бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг батлахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарболгосон шийдвэр гаргасан.

Улсын хэмжээнд өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар зэрэг улсын 23 боомтод Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид 2100 гаруй байцаагч, ажилтан Монгол Улсын 130 гаруй хууль, Монгол Улсын олон улсын 42 гэрээ, конвенц, УИХ-ын 30 тогтоол, Засгийн газрын 234 тогтоол, үндэсний 2669 стандарт, 753 дүрэм, журам, заавар, 338 норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 

2    3    4    5   1