United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

yos zui bichigtei

 

Улс төрийн тойм сонин

2016.10.18

“Зовлон үзсэн чавганц”

Ханиад шуухинаа хүрсэн, толгой өвдсөн тохиолдолд бидний хамгийн түрүүлж хийдэг алхам эмийн сан руу алхах. Хэнээс ч асуулгүй, зөвлөлгүй аль ч эмийн санд ороод ихэнх эмийг талх шиг худалдан авч болдог. Бид өөрсдөө энэ үйлдлээ "жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" хэмээн өөгшүүлнэ. Монгол Улсын хэмжээнд 2200 нэр төрлийн эм бүртгүүлсэн байдгийн 80 хувь нь жортой олгох эмүүд байдаг аж. Гэвч эмийн сангуудад мансууруулах болон сэтгэц нөлөөт, хорт наркотик эмүүд, инсулин болон дааврын эмүүд, мэс заслын яаралтай хагалгааны мэдээгүйжүүлэх нойрсуулахаас бусад төрлийн эмийг эмчийн жор асуухгүйгээр олгочихно. ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангаас явуулсан эмийн зохистой хэрэглээний талаарх судалгаагаар эмнэлгээс гадуур эм тариа хэрэглэж байгаа хүмүүсийн 70-75 хувь нь өөрсдөө дур мэдэн эм авч уудаг тухай дурджээ. Эрүүл агаарт алхах, тогтмол хөдөлж биеийн тамираар хичээллэх, хоолны дэглэм барих гэх мэтээр заавал антибиотик хэрэглэлгүйгээр эрүүлжих олон арга байдгийг мэдэх ч үр дүн нь хурдан гардаг, амар, хялбар байдаг гэх шалтгаанаар ойр байх эмийн сан руу явдаг гэх.

Тэгвэл ДЭМБ-аас хийсэн судалгаагаар бүхий л өвчлөлийн 36-40 хувь нь эмгүйгээр эдгээх боломжтой аж. Дээр өгүүлсэн түгээмэл өвчлөл болох толгой өвдөлт, ханиад шуухинаа, хоолой сэрвэгнэлт зэргийг жимс жимсгэнэ, ургамлын ханд, халуун аарцаар намдаах бүрэн боломж байдаг ч манайхан өвдөнгүүт л эм ууж нам дарах зуршилтай болжээ. Уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн 400 гаруй өвчний 100 гаруйг л тан оролцуулан эдгээдэг бөгөөд үлдэж буйг нь ургамлын ханд, биеийн хөдөлгөөн бариа засал гэх зэрэг эмгүйгээр эмчилдэг байна.

Эмэнд дуртай нян

Эмийн сангуудаар зарагдаж буй эмийн үйлчилгээ багассан мэт санагдаж байна уу. Өөрсөдөөс илүү өрөөлд буруу хайдаг учраас чанаргүй, хуурамч худалдаж авсан юм болов уу гэж хардах нь ч бий. Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц үүнийг эмийн зохисгүй хэрэглээний үр дагавартай холбоотойгоор тайлбарлаж байна. Тэрбээр "Хэрэглэгч нар таамгаар эмээ сонгодог болсон. Мөн эмчилгээндээ буруу тунгаар хэрэглэх, Эцэст нь курс эмчилгээг дутуу хийснээс антибиотекийн үйлчилгээ сулардаг. Хүний биед байх нянд нэг эмийн химийн бүтцийн тухай мэдээлэл орж ирээд алга болчихоод хэсэг хугацааны дараа дахин орж ирээд байвал өнөө нянгийн дараагийн үе нь тэр эмэнд тэсвэртэй болдог" хэмээв. Анагаах ухааны мэргэжилтнүүд ямар нэгэн халдварт өвчнийг огт эмчилж чадахгүй болж ч магад гэж түгшиж байгаа бол 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Үүнээс гадна манай зах зээлд худалдаалж байгаа нийт эмийн 30 гаруй хувь нь хууль бус, хуурамч, тэр ч бүү хэл гаднын улс, орнуудын эмийн жагсаалтаас хасагдсан байдаг гэх тааруухан мэдээлэл байна.

Зарын эм, сүлжээний бэлдмэл

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар эмийн бүтээгдэхүүнийг сурталчлах нь хориотой байдаг. Зар сурталчилгааны тухай хуульд "ОНМХ-ээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохихтой хэрэглэхтэй холбоотой сурталчилгаа явуулна" хэмээн заажээ. Гэвч энэ хууль мөрдөгдөх нь үгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр тусмаа телевизүүдээр эм бэлдмэлийн сурталчилгаа зогсоо зайгүй нэвтэрсээр. Өвчтэй хүмүүсийн аливаа мэдээлэлд шууд итгэх байдал нь эрүүл хүнийхээс хавьгүй их байдаг учир хэтэвчээ тэмтэрээд эмийн сан руу явах нь элбэг. Сүүлийн үед цахим ертөнц олон нийтийн сүлжээгээр эм эмийн бүтээгдэхүүн худалдаалах явдал гаарч тэр ч бүү хэл эмийн хүргэлтийг тусгай утас руу цохиж авдаг үйлчилгээ нэвтэрчээ. Өвдсөн зовсон хүнд гэрээсээ гаралгүй байж байгаад эм тариатайгаа золгох нь амар ч шинээр нэвтэрсэн энэхүү үйлчилгээнд эмчийн жор ашиглана гэдэг эргэлзээтэй л юм.

Мөн сүлжээний гэгдэх бизнес гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна эм, эрүүл мэндийн бэлдмэл борлуулдаг болж өргөжжээ. "Та хавдартай хүнд 100 хувь санал болгож болно. Манай тэр огт эмчилгээгүй, өндөр хөгжилтэй улсад эмчилгээ хийлгээд үр дүнгүй байсан ч энэ бэлдмэлийг уугаад зүгээр болчихсон" тэд суралчилгаагаа ийм байдлаар хийсээр. Хялбар аргаар хурдан мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн хүсэл, шунал дээр тоглодог байсан бол өдгөө өвдсөн хүмүүсийн зовлонг биснес болгосон байх юм.

2    3    4    5   1