United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

yos zui bichigtei

 

Өдрийн сонин

2016.10.18

-Булган боомтоор 11.5 сая тун вакцин оруулж иржээ-

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар аймгуудад бог малын мялзан төст өвчний голомттой бүсэд улсын онцгой комиссын гишүүд ажиллаж байна. Энэ оны аравдугаар сарын 8-ны байдлаар аймгийн хэмжээнд 74166 толгой мал өвчилж, 11869 толгой мал хорогдсон ч 59775 мал эдгэрчээ. Одоогоор 2482 толгой малд өвчний шинж тэмдэг илрээд байгаа аж. ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Мал эмнэлэг үржлийн газар, МХЕГ, ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хүмүүс багтан ажиллаж байна.

Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын хамтарсан шуурхай хуралдаан энд боллоо. Хуралдаанаар бог малын гоц халдварт мялзан төст өвчний тархалтын талаар болоод цаашид авах арга хэмжээний тухайд авч хэлэлцсэн юм. Одоогийн байдлаар Ховд аймгийн 11 суманд энэ өвчний голомт илрээд буй аж. Тухайлбал, Булган суманд 37847 мал, Үенч суманд 22145 мал өвчтэй байна. Мялзан өвчин манай улсад гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол нь Ховд аймгийн Булган суманд өнгөрсөн оны сүүлээр илэрч байсан хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Энэ тухайд Ховд аймгийн Булган сумын Тамгын газрын дарга Ч.Батаа "Манай сумын хэмжээнд 40 мянган мал өвчилснөөс долоон мянган мал хорогдсон. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын сүүлээр энэ өвчний шинж тэмдэг илэрсэн. Тэр үеэс холбогдох алба ажиллаж эхэлсэн. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Булган сум хорио цээрийн бүс нутагт орсон" гэлээ.

Хуралдааны үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле "Засгийн газраас мялзан өвчний вакцин худалдаж авах санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн. Өмнө нь ийм өвчин манай улсад гарч байгаагүй. Одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт энэ өвчний шинж тэмдэг илрээд байна. Энэ өвчинтэй холбоотойгоор гадаадаас мэргэжлийн малын эмч нар ирж зөвлөгөө өгнө. 2015 онд гарсан энэ өвчин одоо хүртэл даамжирч бүр нэг аймгийн хэмжээнд 11 мянган толгой мал хорогдоод байна. Үүнийг бид цэвэр хариуцлагын асуудал гэж үзэж байгаа. Мөн энэ асуудлаар ямар нэгэн улстөржилт хэрэггүй. Зөвхөн үнэн бодит байдлыг л гаргаж ирэх шаардлагатай. Манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газраас мялзан, шүлхий, цэцэг өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн. Холбогдох албаныхан малын гоц халдварт өвчний эсрэг шуурхай арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас ийм байдалд хүрээд байна. Малчдын хариуцлагын асуудал ч яригдах ёстой. Мал нь өвчлөхөөр төрийнх болдог, малынхаа ашиг шимийг авах болохоор өөрийнх нь болчихдог байж таарахгүй. Энэ үзэл санаагаа өөрчлөх хэрэгтэй гэж малчдадаа хэлмээр байна. Тийм учраас малчдын хувийн хариуцлага, сахилга батын тухай мөрдөгдөх эрх зүйн бодлого явуулах шаардлагатай" гэж дэд сайд хэлж байсан.

Мөн малыг вакцинжуулах ажиллагааг шуурхай, чанартай хийх шаардлагатайг онцолж байв. Одоогийн байдлаар Ховд аймгийн арван нэгэн сумын хэмжээнд 65 голомтонд, 41 пост, хөдөлгөөнт эргүүл 12-ыг ажиллуулж буй аж. Ингэснээр малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж гол замууд дахь халдваржуулалтыг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллаж байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарзориг танилцуулсан юм. Цаашид Ховд аймагт гарсан бог малын мялзан төст өвчний талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.

МЯЛЗАН ӨВЧНИЙ ЭСРЭГ 11.5 САЯ ТУН ВАКЦИН ОРЖ ИРЛЭЭ

Дэд сайдаар ахлуулсан комиссын гишүүд Ховд аймгийн Булган сумын Булган хилийн боомтод энэ сарын 10-нд очсон. Булган боомтыг нэг удаа нээж 11,5 сая тун вакцин энэ үеэр оруулж ирсэн юм.

Энэ талаар Ховд аймгийн Булган дахь гаалийн газрын газрын хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Н.Лха-Очир "Булган дахь боомтын хилийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Баруун аймгуудад малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч Булган боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх нэг удаагийн зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд 11,5 сая тун вакцин оруулж ирлээ. Манай гаалийн байгууллагын зүгээс вакциныг хилээр саадгүй нэвтрүүлэх асуудлаар БНХАУ-ын хилийн хяналтын газартай дээрх хоёр улсын хилийн боомтын ажлын цагийг сунгаж ажиллалаа" гэв.

Энэхүү вакциныг өвчин гарсан 11 суманд болоод Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн Булган сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумдад хүргүүлэх ажээ. Энд Улсын онцгой комиссын гишүүд болоод ОБЕГ, МХЕГ байгууллагууд хяналт тавьж ажиллах аж. Вакциныг Ховд аймгаас тараах ба тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэх юм байна.

ВАКЦИНЫГ ЭХЛЭЭД ЭРҮҮЛ МАЛДАА ХИЙДЭГ

Мал эмнэлэг үржүүлгийн газрын дарга Цолмон "Дэлхийн мал эмнэлгийн стандартын дагуу вакцинжуулалтыг өвчлөлийн хүрээг гаднаас нь дотогшоо хумих аргаар хийнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл байгаа малдаа нэн түрүүнд хийсний дараа өвчний голомтод байгаа малд хийх төлөвлөгөөтэй ажиллана. Энэ вакциныг нэг удаа малд хийснээр гурван жилдээ өвчнөөс хамгаалдаг. Иймд дараа, дараа жилээс төл малд хийгээд явна. Мөн өвчилсөн болон өвчлөөд өнгөрсөн малыг вакцинд хамруулахгүй. Учир нь өвчлөөд эдгэрсэн мал өөрөө байгалийн суурь дархлаатай болдог. Ийм малд вакцин хийх нь биологи талаасаа сөрөг нөлөө үзүүлнэ. Баруун таван аймагт 260 орчим вакцинжуулалтын групп явж байна. Мөн 67 суманд хяналтын баг ажиллах ба сум бүрд Онцгой байдлын газраас нэг албан хаагч, туслах ажилчид дагалдан явна" гэлээ.

Харин энэхүү малын өвчлөлтэй холбоотойгоор Ховд аймгийн Манхан сумын малчин Б.Сэндмаа "Манайх дөрвөн зуу гаруй малтай. Манай сумын зарим багийн өрх айлын бог малаас мялзан өвчин илэрсэн. Одоогийн байдлаар бид зусландаа байна. Энэ өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм мөрдөгдөж ирсэн. Ингэснээр бид намаржаандаа гарч чадахгүй байна. Удахгүй вакцинжуулапт явагдана. Тэр өвлийн бэлтгэл ажил тааруухан байна. Учир нь малчид малаа борлуулж, ашиг шимийг нь хүртэх боломж багассантай холбоотой байх" гэлээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Ховд аймагт гурав хоног ажиллаад Баян-Өлгий аймгийн Булган сум руу явлаа. Дашрамд дурдахад, энэ оны есдүгээр сарын 15-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумаас иргэн Дамыс, Мухамеджан нар 58-68 ХОҮ улсын дугаартай УАЗ 469 машинаар сэжиг бүхий 50 гаруй хонь, ямааны мах тээвэрлэж яваад Ховд аймгийн Жаргалант сумын бага гүүрний буюу Хатуу хөтлийн постоос зугтаж Буянт гол гатлан Баатархайрханы постонд саатуулагдсан аж. Авч явсан мал, махнаас нь эдийн дээж авч улсын МЭАЦ төв лабораторид хүргүүлж, хонь, ямааны махыг устгалын цэгт аваачиж, устгах арга хэмжээ авчээ.

Э.МӨНХТҮВШИН 

2    3    4    5   1