United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

yos zui bichigtei

 

Өнөөдөр сонин

2016.10.12

“Алтжин бөмбөгөр" худалдааны төвд бэлэн мөнгөний машинд дугаарлаж зогсов. Гоёл чимэглэлийн зүйлс зардаг зэргэлдээх лангууны худалдагчтай 20 гаруй насных болов уу гэмээр залуу үеийнх юм шиг хэрэлдэж, "шүлэг уншиж" гарлаа. Хүүгийн чихнээс цус гоожжээ. "Наймаанаас болж хагаралдаж дээ" гэж бодсон минь эндүүрэл байв. Залуугийн найз бусгүйн хэлснээр тэд чихээ цоолуулахаар иржээ. Гэтэл худалдагч бүсгүй залуугийн чихийг зориулалтын буугаар биш, өөр аргаар цоолох гэж үзээд бүтэлгүйтсэн нь тэр байж. Залуу "Цоолох хэсгээ харандаагаар зурах гэж байна гэж бодтол нарийхан үзүүртэй төмрөөр хатгачихсан. Буудах юм уу, гэж асуутал "Тийм" гэсэн. Ингэж болохгүй биз дээ. Арай ч дээ" хэмээсээр гарч одов. Өнгөрсөн жил нэг найз маань "Чих цоолно" гэсэн зар тавьсан нэгэн гоо сайхны газраар үйлчлүүлээд мөн л чихээрээ "тоглуулсан". Бага байхдаа цоолуулаад бэрсүүжиж эдгэсэн чихийг нь гоо сайханч цоолохдоо тэмдэг тавьсан хэсгээсээ зөрүүлчихэж. Бүсгүй энэ буруугаа буунд тохоод, "Дахиад нэг оролдоод үзье. Том цоолуулах тусмаа ээмэг зүүхэд тохиромжтой, сайн" гэсээр дахин буудсан аж. Хэд хоногийн дараа чихнээс нь идээ бээр гоожиж, эмчид хандахад хүрсэн. Хөөрхөн, сайхан болох гэсэн хүсэлтэй иргэдийн эрүүл мэнд, гоо сайхнаар тоглосон тохиолдол үүгээр хязгаарлагдахгүй. Мөнгө олж л байвал бусдад ямар үйл лай учруулах нь хамаагүй мэт аашилдаг "гоо сайханч" сэтэртэй зарим хариуцлагагүй, том толгойтнуудыг үүнд буруутгаж болох ч амь нас, эрүүл мэнддээ учрах эрсдэлийг бодолгүй, найдваргүй газрыг сонгон үйлчлүүлж буй иргэд тэднээс ч илүү буруутай санагдав. Уг нь бол чих цоолох буу байтугай ээмгийг нь ч ариутгаж, битүүмжилсэн байх ёстой юм билээ.

Сүүлийн үед чих цоолуулах моодноос гарч хацар, хүйс, хэл, хамар, хөмсгөөрөө "тоглуулах" сонирхолтой хүн олширчээ. Жил, улирлын өнгө даган хувирч, шинэчлэгддэг хувцас загварын адил гоо заслын салбарт ч трэнд бий болжээ. БНСУ-д гоо сайханчаар сурсан Ү.Нэргүй "Хацар, хүйсээ цоолуулах сонирхолтой, өсвөр насны охид манай үйлчлүүлэгчдийн 80 хувийг эзэлдэг" гэв. Гоо сайхны сургалтын төвүүдэд заадаг хамгийн чухал хичээлүүдэд ч энэ нь үс, арьс, хумс арчилгааны дараа орж байна. "Гоо охь" сургалтын төвийн багш Ю.Цэцэгдэлгэр "Иргэдийн хэрэгцээ, сонирхол дагаад гоо заслын салбарт шинэ үйлчилгээ бий болж буй. Бид тэр бүхнийг хийдэг байх ёстой. Хамгийн чухал нь гоо сайханч, үйлчлүүлэгчийн аль аль нь хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээв. Гоо сайханчид түүний хэлсэн шиг мэргэжилдээ хариуцлагатай байж, хандаж чаддаг болов уу. "Cheek phersing" буюу хацар цоолох гоо засал хийлгээд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй бий гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эмч нар онцолсон. Хамгийн ойрын жишээ дурдахад л 11 дүгээр ангийн сурагч А өнгөрсөн жил хацар цоорсон, хоол идэх үед хацрын нүхээр гадагшлаад байна гэсэн зовиуртай тус эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэр төрөлхийн мэт хонхорхой хацартай болохын тулд хацраа цоолуулжээ. Энэ төрлийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хамгийн багадаа 1-2 сарын дараа бүрэн эдгэдэг бөгөөд 7-10 хоног шүдээ угааж болдоггүй гэнэ. Тэр ч бүү хэл хоол идэж чадахгүй, зовиурладаг аж. Охин гам бариагүйгээс хацартаа хонхорхойтой бус, сорвитой болжээ. Охины эцэг, эх гоо сайханчийг буруутган "Хүүхдэд үйлчилсэн байтлаа хэрхэн гам барьж, эдгээх талаар ойлголт, мэдээлэл дутмаг өгсөн" хэмээн заргалдсан ч тусыг эс олсон тухай эмч нь ярив. Нуухыг нь авах гээд нүдийг сохлов гэгчээр эцэг, эхээс заяасан эрүүл саруул биеэрээ тоглуулж, элдэв мэс засал, гоо заслын эмчилгээ хийлгэн, хүнд, хөнгөн гэмтсэн иргэд эцэстээ өөрсдөө хохироод дуусдаг аж.

Гоо заслын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг газрууд эмчилгээний болон гоёлын гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Эмчилгээний гоо засал буюу чих, хамар, хүйс, хацар цоолох, шивээс хийх, хөмсөг шивэх, өөх соруулах үйлчилгээ нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах өндөр магадлалтай учир үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах ёстой. Харин сормуус наан, хумс засаж, гоёлын будалт, арьсны иллэг хийдэг гоёлын гоо заслын газрууд эмнэлгийн чиглэлийн зөвшөөрөлтэй байх шаардлагагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эдгээр байгууллагын үйл ажиллагааг хянаж, иргэд эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэхэд нь анхаарах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатарт арьс, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 99 эмнэлгийг энэ оны эхээр шалгахад 56 хувь нь бүдэрч, зориулалтын байр, багаж хэрэгсэлгүй нь тогтоогджээ. Үйл ажиллагаа явуулж буй байрандаа ариутгал хийдэг эмнэлэг ердөө 29 байсан аж. Гэсэн ч тэдгээр нь бохир багаж хэрэгсэл, материал хүлээн авах, халдваргүйжүүлэлт хийх зориулалтын өрөөгүй гэх зэрэг зөрчилтэй байсан учир шаардлага хүргүүлж, заримынх нь үйл ажиллагааг түр зогсоосон байна. Зөрчилтэй эмнэлгүүдийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоочихсон гээд санаа амарч болохгүй. Учир нь, уг шалгалтад оролгүй, "мултарч" үлдсэн нь ч бий. "Гоо сайхны газар" гэх таних тэмдэг, хаяг чимэглэлгүй ч энд тэндхийн үйлчилгээний газрын булан тохойд үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, эмчилгээний гоо заслын төв бишгүй бий гэдгийг санаж, үйлчлүүлэх газраа зөв сонгох нь юу юунаас чухал. Шалгалтад өртсөн эмнэлгүүдийн 18 нь л эмчилгээний гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч үйлчлүүлэгчид нь гоёлынхоос дутахааргүй байдаг аж. Арьс, гоо заслын Үжин" эмнэлгийн их эмч Э.Зул үүний шалтгааныг "Эмчилгээний гоо сайхнаас үүдэлтэй ямар эрсдэл учирч болохыг иргэд төдийлөн сайн мэддэггүйтэй холбоотой. Ойр дотнынхоо хэн нэгнийг дуурайж гоо засал хийлгэх тохиолдол олон. Өртөг багатай газар сонгож, эрүүл мэнд, гоо сайхнаа хэн нэгэнд даатгахаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдийг ийм газарт үйлчлүүлэхгүй байхыг анхаар. Тэд эрүүл мэндээрээ хохирох магадлал өндөр. Дээрээс нь хүүхэд яг л сармагчин шиг байдаг болохоор биенийхээ чих, хүйсийг цоолох гэж оролдож мэднэ. Тийм тохиолдол гарсан. Чихээ цоолуулах нь эмэгтэй хүний давах ёстой нэг даваа гэж ярих хүнтэй цөөнгүй таарлаа. Эртний монголчууд охин хүүхдээ нас бие гүйцэж, хүнтэй сүй тавих болоход хүний хүн болсон, ариун биш гэж үзэн чихийг нь цоолдог уламжлалтай байж. Тиймээс хүүхдийнхээ чихийг цоолуулах гэж бүү яар" гэж зөвлөв. Мөн тэрбээр чих, хацраа цоолуулж, шивээс хийлгэн, арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулснаар элэгний гепатит өвчин тусах магаддалыг нэмэгдүүлдэг гэв. Ялангуяа, шивээс хийлгэх үед цусны элдэв өвчин халдах аюултай гэнэ. Тиймээс иргэд энэ аюултай "тоглоомд" дурлах хэрэггүй аж.

2    3    4    5   1