United-Kingdom-flag-icon

Facebook

YouTube

yos zui kod

 2016 surgaltiin tuluwluguu

yos zui bichigtei

 

Үндэсний шуудан сонин

2016.10.10

Төмөр замын бүтээн байгуулалт нүүдлийн тууртан амьтдыг "айлгахаар" хаалга тогшиж эхэллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд, хэдэн чиглэлд төмөр зам барихаар төлөвлөж эхнээсээ хэрэгжиж эхлэхэд бэлэн болов. Эдгээрээс "Хөөт-Бичигт"-ийн чиглэлийн 230 км төмөр замыг эхний ээлжинд барина. Эх сурвалжийн мэдээлснээр уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын компани боловсруулж байгаа бөгөөд аравдугаар сарын сүүлч гэхэд бэлэн болох ажээ. Төмөр замыг ямар төрлийн санхүүжилтээр барих нь одоогоор тодорхойгүй байгаа ч БНХАУ-аас зээл авах хувилбарыг албаны хүмүүс үгүйсгэхгүй байгаа юм. "Хөөт-Бичигт"-ийн төмөр замыг барьснаар нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах бодит аюул байгааг мэргэжлийн хүмүүс сэтгэл зовнин хэлж байна.

НҮҮДЛИЙН ТУУРТАН АМЬТДАД ЯМАР АЮУЛ УЧРААД БАЙНА ВЭ?

Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь төмөр зам. 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд анхны галт тэргээ хүлээн авч байсан монголчууд 1955 онд Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замыг нээснээр Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай болсон юм. Энэ төмөр зам ашиглалтад орсноор олон зууны турш тааваараа бэлчиж байсан цагаан зээрийн сүргийг баруун, зүүн хэсэгт хуваачихсан юм.

Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо бараг байхгүйтэй адил болжээ. Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тайван явна. Гэхдээ энэ сүрэг төдийгүй бусад тууртнууд удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалганы гадна ирчихжээ.

Хөөт-Бичигтийн төмөр зам социализмын үед таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хаах нь тодорхой юм. Зүүн чиглэлийн бусад авто болон төмөр замууд ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг тас хавчигдах төлөвтэй боллоо. Японы эрдэмтэд 2002-2005 онд цагаан зээрэнд хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг нь судалжээ. Тэгэхэд нэг ч цагаан зээр төмөр замын торыг давж гараагүй нь тодорхой болсон юм. Цагаан зээр ган зуд болоход бэлчээр дагаж олон зуун км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. 2000 онд л гэхэд ОХУ-ын хил дээр 100 мянга гаруй цагаан зээр очоод торон тулаад гарч чадахгүй байсныг судлаачид хэлдэг. Гарах гэж зүтгэсэн нь торонд өлгөгдөж үхдэг. 2005 оны зургадугаар сард хийсэн судалгаагаар Багахангайгаас Замын-Үүд хүртэлх төмөр замын өргөст торонд өлгөгдөж болон орооцолдож үхсэн 241 цагаан зээрийн сэг байгааг тогтоожээ. 2016 оны эхний хоёр сард их хэмжээний цас орсны улмаас зүүн аймгуудаас цагаан зээр баруун тийш нүүдэллэн төмөр замын торонд тулж улмаар 5000 гаруй зээр торонд өлгөгдөж үхсэнийг судалгаагаар тогтоосон байдаг. Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш, хулан, хар сүүлтийн нүүдэлд ч саад болох аюул ойрхон байна.

Улс орны эрх ашгийг хойш нь тавьж болохгүй тул төмөр болон авто зам барьж таарна. Харин энэ ажлыг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр яаж хийх вэ, хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх баталгааг одоогоор хэн ч өгч чадахгүй байна. Хэрвээ ойрын жилүүдэд хийхээр төлөвлөсөн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгт хуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байна. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хоорондоо "учирч" чадахгүй хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

ШИЙДЭХ АРГА БАЙНА, ГЭХДЭЭ...

Монгол Улсад олон төрлийн стандарт бий. Эдгээр нь хүн төвтэй нийгэмд зориулагдсан болохоос зэрлэг амьтдыг хамгаалахад хүртээлгүй байсаар ирсэн билээ. Тэгвэл нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа хоёр жилийн өмнө баталсан юм. Стандарттай болсноор дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдэлд саад учрахгүй байх боломж бүрдлээ гэж байгаль орчны салбарынхан ам сайтай байгаа билээ.

Стандарттай болсноор бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. Шинээр барих төмөр замыг тортой хийх үү, тэнд шинээр ямар төрлийн гүүрэн, нүхэн гарц барих эсэх нь тодорхойгүй хэвээр. Төмөр зам дагасан нүүдлийн тууртан амьтдын бэрхшээлийг шийдэх хоёр арга байгаа ажээ. Эхнийх нь, төмөр замын дагуу торгүй байх.

Албаны хүмүүсийн ярьснаар "Хөөт-Бичигт" чиглэлийн төмөр замыг өргөст тортой хийх магадлал их байгаа ажээ. Эрдэмтэн судлаачдын ярьснаар төмөр замыг төвлөрсөн сум, суурин, малын нягтаршил ихтэй хэсгээс бусад газарт торгүй барих нь гүүрэн гарц хийхээс зардал багатай ажээ. Ялангуяа төмөр замын торыг өргөсгүй байлгах хэрэгтэй юм байна. Ийм газраар нүүдлийн тууртнууд гараад явчихна.

Хоёрдугаарт, хэрвээ төмөр замын аюулгүй байдлыг бодож заавал өргөст тор хийнэ гэвэл 2015 онд баталсан стандартаа хэрэгжүүлэх нь маш чухал. Харин гүүрэн болон нүхэн гарц уу, ижил төвшний гарц байх уу гэдгийг оновчтой сонгох хэрэгтэй юм. Нүүдэллэдэг амьтад нүхэн гарцаар тэр бүр гардаггүйг олон улсын судлаачид тогтоосон байдаг. Чухамдаа маргаан, эргэлзээ дагуулсан энэ асуудлыг шийдэхэд мэргэжилтнүүдийн санал, зөвлөмж маш чухал. Мөн гарц байгуулъя гэхэд хаана, ямар газарт хийх вэ гээд олон асуулт хүлээж байна. Наад зах нь энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагуудад хандахаас эхлээд яаралтай хийх олон ажил байгаа юм. Хамгийн чухал нь шийдвэр гаргагчид, эрдэмтэд, байгаль хамгаалах байгууллагууд хамтарч байж л асуудлыг зөв шийднэ, оновчтой гарцыг олно.

Эх сурвалжийн мэдээлснээр нийтдээ 10 км урт гүүрэн гарц байгуулахаар техник, эдийн засгийн үндэслэлд тусгах төлөвтэй байгаа ажээ. Хятадууд өндөрлөг бүс нутагт төмөр зам барихдаа энэ аргыг хэрэглэдэг. Харин ийм гүүрэн гарц хийх зардал маш өндөр байдаг. Зүүн бүс нутаг бол нам дор байрлалтай. Хэрвээ эдгээр өндөр гүүрэн гарцыг хийе гэвэл Хятадад тавьдгаас илүү зардал гарахыг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Энэ төмөр замыг ямар санхүүжилтээр барих нь тодорхойгүй байгаа. Буцалтгүй тусламж өгөхгүй нь тодорхой тул ямар ч төрлийн сонголт байсан Монгол Улс ирээдүйд зээлээр төлж таарна. Тэгэхээр хамгийн түрүүнд зардал хэмнэх гэж оролдох нь тодорхой. Эмзэглэх зүйл биш, энэ бол байх л асуудал. Харин хэмнэлт нэрээр нүүдлийн тууртан амьтдад зориулсан гарц барих зардлыг уян хатан тооцолгүйгээр хасвал хойшид харамсаад баршгүй ноцтой асуудал үүсэхийг шийдвэр гаргагчид анхааралдаа авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, төр засгийн шийдвэрүүдийн дийлэнхи нь олны сэтгэлд нийцдэггүй нь тухайн ажлын мөн чанарыг сайн ойлгоогүй түшээдээс болдог билээ. Чухамдаа ийм учраас л гарцны асуудлыг шийдвэр гаргагчид анхааралдаа авах нь чухал гээд байгаа юм. Судлаачид, мэргэжилтнүүд ямар төрлийн гарц байх, хаана барих боломжтойг тодорхойлоод өгнө. Гэтэл энэ талаар ямар ч ойлголтгүй хэдэн түшмэд хэт үнэтэй байна гээд байх ёстой чухал гарц барих зардлыг хасчихвал яах вэ. Сайн ойлголцож, шийдвэр гаргагч том дарга нар "үүрэг, сануулга" өгөхгүй бол ийм үйл явдал гарцаагүй тохионо. Тэгээд амьтдад зориулж ганц, хоёр гарц хийсэн болоод өнгөрвөл дэндүү харамсалтай.

"Хөөт-Бичигт"-ийн төмөр замыг барих ажилд заавал анхаарч үзэх бас нэг онцлог байгаа. Энэ бол монголчууд өөрсдөө "дураараа дургиад" барьчих төмөр зам биш. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тохиролцсон гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах ажлын нэг хэсэг юм. Энэ ажлын хүрээнд төмөр замын таван төслийг Монголд хэрэгжүүлнэ. Алдах эрхгүй төсөл гэхэд болно. Хэрвээ эдгээр төмөр замыг барихдаа тууртнуудын нүүдлийн замыг хааж, үүнээс болж олон мянган амьтан амьдрах орчингүй хаягдвал олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд өртөж эдийн засгийн коридор байгуулах том төслийн нэр хүндийг сэвтүүлэх аюултай. Манай төрийн тэргүүний нүүр улайна, улсын нэр хүндэд ч муугаар тусна. Тиймээс энэ асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар эрх, үүргийнхээ дагуу одооноос анхааралдаа авч ажилламаар байна. Хоёр яамнаас хамтарсан ажлын хэсэг байгуулж судлаач, эрдэмтэд, байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллахад болохгүй зүйл байхгүй, харин ч ажилд дэм болно.

Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филиософийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг. Хөөт-Бичигтийн төмөр замыг нүүдлийн тууртан амьтдад ээлтэйгээр барьж чадвал нэг талаар улсын нэр хүндэд тустай, нөгөө талаар дараа, дараагийн төмөр замын ажилд зөв жишиг болох ач холбогдолтой юм.

2    3    4    5   1